Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-27 15:07:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Чингис хаан одонт "The Hu" хамтлагийн продюсер Б.Дашдондог тэргүүтэй эрхмүүд Их эзэн богд Чингис хааны хөшөөнд өнөөдөр хүндэтгэл илэрхийлэв.


Жил бүрийн Их эзэн Чингис хаан мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд "Чингис хаан" одон хүртсэн эрхмүүд Төр, засгийн удирдлагын хамтаар хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 4 тоот зарлигаар, Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж байхаар болсон юм.



Их эзэн богд Чингис хаан 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан. Монголчуудын байлдан дагууллын үр дүн нь нэг талаас өрнө, дорны ард түмэн бие биеийг мэдэх болж соёл, шинжлэх ухааны олон салбарт  ололт амжилтыг ашигласнаар  дэлхийн хөгжил урьд байгаагүйгээр хурдацтай урагш ахижээ. Тэрээр хаант улсаа "Их засаг" хууль дор нэгтгэн захирч байсан нь монголын хамгийн анхны бичмэл хууль, цааз хэмээн олон судлаач тэмдэглэдэг байна.

Холбоотой мэдээ