Баян-Өлгийд дөрвөн мянга гаруй хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-28 15:22:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 255 тоот тогтоолоор "Эрүүл шүд-эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг баталж, энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс орон даяар хэрэгжиж эхэлсэн билээ.

Манай улсад хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт дунджаар 71,4 хувь, шүд цоорох өвчний эрчим 4,33 шүд, эмчилгээний хэрэгцээ 94,3 хувь байгаа аж.

Иймд дээрх хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж,  хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх  зорилт дэвшүүлсэн бөгөөд эхний ээлжид буюу энэ онд 2-6 насны хүүхдийг хамруулж байна. Баян-Өлгий аймагт "Азу тис", "Ахмеруерт тис", "Маржан", "Санди тис", "Хосхүү-Дент" зэрэг хувийн хэвшлийн таван эмнэлэг хүүхдүүдийн шүдийг эмчлэх, эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлж байна.

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар "Эрүүл шүд-эрүүл хүүхэд" хөтөлбөрийн дагуу 4140 хүүхдийн шүдийг эмчилж, үүнд төсвөөс 248 сая төгрөг зарцуулжээ.

Тус хөтөлбөр нь 2023 он хүртэл үргэлжлэх ба тухайн хугацаанд 5-6 настай хүүхдийн дундах шүд цоорлын тархалтын хувийг 86,1-ээс 55 хувь, 12 настай хүүхдийн дундах шүд цоорлын тархалтын хувийг 86,2 хувиас 50 хувь болгон тус тус бууруулах ажээ.    

Холбоотой мэдээ