Амралтын өдрүүдэд Богд хан уул руу нийтийн тээвэр үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2019-11-30 13:37:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан амралтын өдрүүдэд иргэдийг явган аялал хийхэд нь дэмжих зорилгоор Богд хан уул руу нийтийн тээвэр явуулдаг болох асуудлыг судлахыг холбогдох албаныхан даалгав.


Энэ сарын 29-нд болсон НИТХ-аар Бага Шар хоолойн Бэрх төгөл болон Дээндийн нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэсэн. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгчид амралтын өдрүүдэд иргэд явган аялал хийхээр Богд Хан уулыг зорих болсон тул автобусны шинэ чиглэл бий болгох шаардлагатай болсныг онцолж байсан юм.


Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан амралтын өдрүүдэд Богд хан уул руу нийтийн тээвэр үйлчлэх боломжтой хэмээгээд уг асуудлыг судлахыг салбар хариуцсан орлогч болон холбогдох албаныханд даалгаж, ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо.

Холбоотой мэдээ