Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, итгэлийн зээл олгохыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-30 14:57:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Монголын эмэгтэйчүүдийн холбооны Баян-Өлгий аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Илүү сайхан ирээдүйн төлөө эмэгтэйчүүд хамтдаа” чуулганыг энэ сарын 29-ний өдөр Өлгий хотод зохион байгууллаа.

Баян-Өлгий аймаг нь 105 мянган хүн амтай. Нийт хүн амын 52 хувийг, ажилгүйчүүдийн 59 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Иймээс тэдний засгийн болон шийдвэр хангах түвшний оролцоог нэмэгдүүлэх, бэлгийн болон бие махбодийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээнүүдийг тодорхойлох зорилгоор дээрх чуулганыг зохион байгуулжээ. Чуулганд тус аймгийн 13 сумын эмэгтэйчүүдийг төлөөлж 500 гаруй хүн оролцов.

Түүнчлэн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, ХХААХҮ-ийн дэд сайд, МЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Сауле, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн захирал Б.Батцэцэг болон цагдаа, эрүүл мэнд, хөдөлмөр, гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын албан тушаалтнууд мэдээлэл хийж, эмэгтэйчүүдийн асуусан асуултуудад хариулт өглөө.  

Оролцогчид жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бодлогоор дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад туслалцаа үзүүлэх, хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэд барьцаалах хөрөнгө байхгүйн улмаас арилжааны банк дээр ажил нь гацаж байгаа явдалд анхаарал хандуулах, итгэлийн зээл олгохыг хүслээ. Мөн Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг ихэнхдээ хүмүүсийн архидан согтуурсан үед үйлдэгдэж байгаа тул архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог багасгах, холбогдох хууль журмыг чанд баримтлан олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг саналуудыг тавилаа.  

            Эмэгтэйчүүдийн тавьсан саналуудыг аймаг болон холбогдох яам, Засгийн газрын түвшинд тавих болно гэдгийг орон нутгийн болон Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд илэрхийллээ. 

Холбоотой мэдээ