Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн 15 этгээдийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-02 13:28:20

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас аймгийн нутаг дэвсгэрт нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад иргэдээс ирүүлсэн мэдээллүүд батлагдаж, зохион байгуулалттайгаар малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн 7 бүлгийн 15 этгээдийг илрүүлжээ.

Тэд Цэнхэр, Эрдэнэбулган, Батцэнгэл, Төвшрүүлэх, Хотонт сумынх бөгөөд 10 удаагийн давтан үйлдлээр 20 адуу, 6 үхэр хулгайлсан байна. 

Энэхүү ажлыг Хууль зүйн дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/297, 360 дугаар тушаалаар батлагдсан “Иргэд байгууллагуудаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийн дагуу аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс төсвийг шийдвэрлүүлэн зохион байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаагийн газарт 5.0 сая төгрөгийг өгсөн байна. Өнөөдрийн байдлаар малын хулгайн гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн найман иргэнд 2.0 сая төгрөгийн урамшууллыг олгожээ.

Холбоотой мэдээ