С.Батболд: Монголын тээврийн компаниуд Тяньжин хүрэх тээвэртээ гараад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-12-03 15:57:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Евразийн эдийн засгийн коридорыг Европ, БНХАУ-ыг холбосон хуурай газрын худалдаа, тээврийн урсгал үүсгэж байна. Энэ нь Монгол зэрэг улс оронд шинэ боломж гаргаж байна гэж Монгол Улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев “Шангри Ла” зочид буудалд өнөөдөр болж буй “Евразийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” олон улсын хурлын нээлт дээр онцлов.

Тэрээр, “Европ тивээс Хятад хүрэх замд оршиж буй улс орнууд өнөөгийн идэвхтэй худалдаа, бараа нийлүүлэлтийн гинжин хэлхээснээс ашиг шим хүртэхийг эрэлхийлж буй чухал нөхцөлд өнөөдөр бид Улаанбаатарт хуралдаж буй нь цагаа олсон үйл явдал болж байна” гэдгийг тэмдэглээд, Дэлхийн банкнаас саяхан гаргасан “Бүс ба Зам” санаачилгын эдийн засгийн нөхцөл байдлын тухай тайланд олон орны хувьд дээрх санаачилгын хүрээнд эрсдэл ч хүлээж байна, мөн олон боломж нээгдэж байгаа нь харагдлаа гэв.


Евразийн Эдийн засгийн коридорыг холбох Азийн автозамын сүлжээний талаар өнөөдрийн олон улсын хурлаар түлхүү хөндсөн юм. Энэ талаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос тодруулбал, “Анх 2016 онд Москва хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл хамгийн түрүүн Азийн автозамын сүлжээгээр дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газрын хэлэлцээрийг байгуулсан юм. Энэ хэлэлцээр нь манай 3 улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд байгуулсан анхны баримт бичиг болсон.

Дээрх хэлэлцээрийн хүрээнд 3 улс Азийн автозамын сүлжээний АН-3 буюу Тяньжин-Улаанбаатар-Улаан Үдийн чиглэлд дамжин өнгөрөх тээврийг тухайн оны буюу 2016 оны 8 дугаар сард амжилттай туршсан. Одоо манай улсаас БНХАУ-ын Тяньжин руу тээвэр хийж байна” гэв. Тэрээр, цаашлаад тээврийн бэлтгэл ажлыг хангах үүднээс энэ оны 7 дугаар сард талууд Тээврийн хамтарсан хороог байгуулж, тээвэрлэлт хийхэд олгодог зөвшөөрлийн бичиг баримтуудыг солилцсоноор 3 улсын хооронд АН-3 болон АН-4 коридорын хүрээнд дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэх бүрэн боломжтой эрхзүйн зохицуулалт бүрдсэн гэдгийг тэмдэглэлээ.


Өгүүлсэн АН-3 замын тухайд засварын ажил дуусаагүй, хийгээд явж байна. АН-4 замын коридорын хүрээнд ирэх онд 25.8 км замыг тавьж дуусгаснаар тус зам бүрэн холбогдох юм байна. Ингэснээр 2 коридорын зам, засварын ажил бүрэн өндөрлөж 3 улсын хоорондох дамжин өнгөрөх тээвэрлэлт бүрэн хангагдах аж. Манай улсын хувьд тээврийн компаниуд зохих зөвшөөрлөө аваад Тяньжин хүртэлх тээвэртээ гараад буйг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдрийн хурлын үеэр мэдээллээ.



Тодруулга: АН-3 коридорын зам нь Монгол Улсын Замын-Үүд боомтоос Сайншанд-Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийнх бөгөөд БНХАУ-ын Тяньжин боомтоос эхэлж ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хүрч байгаа Азийн автозамын сүлжээний 3 дугаартай зам аж.

АН-4 коридорын зам нь БНХАУ болон Пакистаны хилийн зааг Хонкираф боомтоос эхэлж, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Үрэмч хотоор дайран Монгол Улсын Булган боомтоор ороод Ховдын Цагааннуур боомтоор ОХУ-ын Новосибирск хүрч буй 4 дугаартай маршрут юм байна. (Тодруулбал, Новосибирск-Барнаул-Горно Алтайск-Ташанта-Улаан Байшинт-Ховд-Ярантай-Такешикен-Үрэмч-Каши-Хонкираф) 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ