Төрийн банкны захирал асан Д.Баярсайхан хоёр жилийн хорих ял сонсов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн банкны захирал асан Д.Баярсайхан нарт холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шүүгдэгчдэд 1-3 жилийн хорих ял оноов.
Тодруулбал, шүүгдэгч Сун Гуан Чин болон Д.Баярсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон. Мөн Д.Баярсайханд нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулав. Хэрэг гарах үед Төрийн банканд албан тушаал хашиж байсан Б.Цэндсүрэнд гурван жил зургаан сар, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг таван жилийн хугацаагаар хасах шийтгэл оноолоо. Мөн Г.Тогтохбаярт нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож дөрвөн жилийн хугацаатай нийтийн албан тушаал хаших эрхийг хязгаарлав.
Түүнчлэн, Л.Чинбатыг 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жил, Д.Ганбаатарыг мөн 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилээр хязгаарлалаа. Үүнээс гадна М.Болортуяаг 12 сая төгрөгөөр торгох, Ц.Энхтунгалагийг нэг жил зургаан сар хорих ял эдлүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ.
Төрийн банкны захирал асан Д.Баярсайхан нар нь БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид тус банкны 20 тэрбум төгрөгийн хууль бус зээл олгосон гэх хэрэгт буруутгагдсан юм.