З.Ууганбаатар: Говийн бүсийн хүн ардын асуудлыг голлон хөндлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-18 19:37:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1989 онд  хүмүүсийг зааглаж, оюун санааг нь хашиж байсан Берлиний хана нурсан түүхэн үйл явдал болсон. Энэ ханыг нураасан түүхээс санаа авч Берлин хотноо жил бүрийн 11 дүгээр сарын 8-9-ний өдөр шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авьяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг өнгө төрхийг тодорхойлогчдод зориулсан "Falling Walls Lab Finale“ форум болон "Falling Walls Conference" чуулганыг 2009 оноос хойш ХБНГУ-д хийдэг уламжлал тогтжээ. 

"Falling Walls Lab Mongolia"-гийн үндэсний ялагч З.Ууганбаатар дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 100 үндэсний ялагчийн хамт Берлин хотод сүүлийн шатны форумд амжилттай оролцоод ирлээ. Түүнийг "Falling Walls Lab Mongolia"-гийн ерөнхий зохион байгуулагч нар буюу "Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө" НҮТББ-ын үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийг төлөөлөн шүүгчдийг ахалсан, профессор Б.Батцэнгэл нар дэмжин ажиллажээ. Тэдэнтэй уулзаж  ярилцлаа.



- Юуны өмнө Монгол Улсаа төлөөлөн олон улсын нэр хүндтэй чуулганд оролцсонд баяр хүргэе. Та ямар төслөөр оролцов, төслийн тань ирээдүйд авчрах үр өгөөж юу вэ?


З.Ууганбаатар: - Миний илтгэлийн нэр “Breaking the Wall of Wind and Mind” гэсэн сэдэвтэй, уур амьсгалын өөрчлөлтөд говийн бүсийн хүн ард хэрхэн дасан зохицох тухай асуудлыг голлон хөндөж хэлэлцүүллээ. Энэхүү усны нөөцийн судалгааны үр дүнг ашиглан шинэ технологийг нэвтрүүлснээр орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг нэмэгдүүлж, байгалийн эрсдэлт хүчин зүйл үерийн усыг зохистой ашиглах боломжийг олон нийтэд таниулав.

 - "Falling Walls Lab" чуулганы зохион байгуулалтын онцлог, хамрах хүрээний талаар сонирхуулна уу? 

 О.Оюунтуяа: -Энэ жил дэлхийн 68 оронд "Falling Walls Labs" зохион байгуулж нийт 3346 залуу эрдэмтдийн судалгааны ажлын өргөдлийг хүлээн авсан байна. Тэгээд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг 100 залуу эрдэмтэн судлаач, үндэсний ялагч нар судалгаа, шинэлэг дэвшилтэт санаа онолоо Берлин хотноо "Falling Walls Lab Finale 2019“ форумд танилцуулсан. Залуу эрдэмтдээс гурван  минутын дотор англи хэл дээр судалгааны ажлынхаа гол зорилго, шинэ нээлт, тулгамдаж буй асуудал, түүнийг яаж, ямар хугацаанд хэрхэн шийдвэрлэснээ тодорхойлон илтгэх, ямар ч асуултад эрчимтэй хариулан хэлэлцэх чадварыг шаарддаг. Илтгэлийн нэгдүгээр  байрыг Австралийн үндэсний ялагч залуу эрдэмтэн Рис Пирий, хоёрдугаар байрыг Швейцарын Техникийн их сургуулийн ялагч Голланд эрдэмтэн Мариеллэ фан Коотэн, гуравдугаар байрыг Энэтхэгийн залуу инженер Рашаб Чэда тус тус эзэлсэн. Мөн энэ үеэр дэлхийд хийгдэж буй шинжлэх ухаан, технологи, нийгмийн дэвшилтэт 20 төслийн ололт амжилт нээлт, үр дүн, тулгамдаж буй асуудлыг нээлттэй танилцууллаа. Жил бүрийн 11 дүгээр сарын 8-9-ний өдөр улс төр, бизнес эдийн засаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, нийгмийн салбарын шилдэг төлөөлөл болсон дэлхийн 80 үндэстний 700 гаруй шийдвэр гаргагч цугларан дэлхийн ирээдүйн төлөө тулгамдсан төвөгтэй асуудлыг шийдэх боломжийн тухай санал бодлоо солилцож нээлттэй хэлэлцүүлэг хийдэг. Энэ нь дэлхийд маш чухал инноватив үйл ажиллагаа юм.

ВВС-ын тодорхойлсны дагуу “Дэлхий дээрх хамгийн сод оюун ухаантнууд” цугларсан буюу нийт оролцогчдын 38 хувь нь шинжлэх ухааны хүрээлэн ба их сургуулиудаас, 30 хувь нь эдийн засаг ба бизнесийн салбараас, 5 хувь нь дэлхийн томоохон сангуудаас, 13 хувь нь хэвлэл мэдээллээс, 6 хувь нь улс төрөөс, 8 хувь нь соёл, урлаг ба нийгмийн салбараас олорцсоныг онцолсон. 

Монгол Улс  ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд  анх удаа оролцсоноороо  онцлог байлаа. Мөн олон улсын дээд зэрэглэлийн топ сүлжээнд Монгол Улс, манай залуу эрдэмтэн судлаачид нэвтрэх сайхан боломж үүд хаалгыг  нээж өгснөөрөө  ач холбогдолтой.

- Энэ чуулганаас олон улсын судлаач, шинийг санаачлагчдын судалгаа, төслийн хандлага хаашаа чиглэж байгааг ажиглав уу?

Б.Батцэнгэл: -Энерги эрчим хүчний хэмнэлт, шинэ эх үүсвэр, хаягдал түүхий эдийг дахин боловсруулах, байгаль орчныг хамгаалах, эко смарт амьдралын хэв маяг, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хиймэл оюун ухааны чиглэлд судалгааны ажил илүүтэй хийгдэж байгаа нь ажиглагдсан.

З.Ууганбаатар: -Ер нь дэлхий нийтээр байгалийн нөөцийн зохисгүй хэрэглээг бууруулах, байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн тулгамдаж буй асуудалд улс бүр өөрийн түвшинд, байгальд ээлтэйгээр хэрхэн шийдвэрлэх талаар хөндсөн илтгэл хэлэлцүүлсэн. Оролцогчид биотехнологи, нанотехологи, “AI” зэрэг орчин үеийн судалгаа, шинэ мэдлэгийг үүнд өргөнөөр ашиглаж байна.

О.Оюунтуяа: -Байгалийн нөөцийн зохисгүй хэрэглээг бууруулах, хаягдал түүхий эдийг дахин боловсруулах, байгальд ээлтэй технологи, мөн хиймэл оюун ухааны  чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны ажлууд илүү давамгайлж байсан. Нэг гол ажигласан зүйл бол шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг, нийгмийн салбарууд дэлхийд тулгамдаж буй төвөгтэй асуудлыг шийдэхийн тулд өөр өөрийн боломжуудыг  нэгтгэх, хамтын хүч чармайлтаар олон талт гаргалгааг бий болгох дээр илүү анхаарлаа төвлөрүүлж байна билээ.

- Хамгийн их анхаарал татсан төсөл юу байсан бэ? 

З.Ууганбаатар: -Биотехнологийн чиглэлийн судалгаанууд их сонирхолтой байсан. Үүдэл эсээс хэрэгтэй эд, эс өсгөвөрлөх зэргээр хүний нүдний болор цайх өвчинг эмчлэх, үхрийн махыг лабораторид өсгөвөрлөх тухай илтгэл  сонирхол татсан.

О.Оюунтуяа: -Эрүүл мэндийн салбараас мэдрэлийн шинэ технологи нь тэргэнцэртэй өвчтөнүүдэд дахин алхах бодит боломжийг олгосон төсөл байв. Уг төслийг Швейцарын Лозаннын Технологийн их сургууль болон Анагаах ухааны их сургууль хамтын ажиллагааны хүрээндээ боловсруулан хэрэгжүүлсэн юм байна. Мөн Лаб дээр танилцуулсан олон хэл дээр харилцааг шууд орчуулдаг дохионы хэлний шинэ технологи, нийгэм боловсролын салбарт хүүхэд өсвөр үеийн залуучуудыг өргөнөөр хамруулах боловсролын хөтөлбөр сонин байлаа

- Монголынхоо залуу судлаач, эрдэмтдийг олон улсынхтай харьцуулж дүгнэвэл?

Б.Батцэнгэл: -Манай улс  анх удаа  үндэсний ялагчаа тодруулж олон улсын хуралд оролцуулсан нь эхний том амжилт. Гурван минутад англи хэл дээр судалгааны үр дүн, шинэлэг санаагаа хүргэнэ гэдэг амаргүй байсан. Манай залуус  олон улсад өрсөлдөх бүрэн боломж байна.

З.Ууганбаатар: -Манай шинэ үеийнхэн маш сэргэг, чадварлаг болсон. Бид тэднийг олон улсын судлаачидтай харьцуулахаас илүүтэй хэрхэн хамтарч ажиллах боломж байгааг эрэлхийлэх хэрэгтэй  байна. 

О.Оюунтуяа:  -Монголын залуу эрдэмтэн судлаачид  олон улсад өрсөлдөх боломж, чадвар бүрэн бий. Цаашид уран илтгэх болон мэтгэлзэх чадвар, гадаад хэлний чадвараа сайжруулах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн  үндэсний ялагчаа  тодорхой хугацаанд бүхий л талаар нь сайн бэлтгэх чухал юм. 

- Ямар  төсөл цаашдаа хэлэлцүүлэх вэ?

З.Ууганбаатар: -Бид энэ жил говийн асуудлыг хэлэлцүүлсэн. Бидний  төслийг зөвхөн говь гэлтгүй, Монгол орны аль ч бүс нутагт, тэрчлэн Улаанбаатар хотод ч хэрэгжүүлж болно.Сүүлийн хэдэн жилд үер усны гамшгийн тохиолдол нэлээд гарсан. Энэ асуудлыг хөндөнө.

- Дараагийн "Falling Walls Lab Mongolia" хэзээ, хаана  болох вэ? 

О.Оюунтуяа: - Хоёр дахь удаагийн "Falling Walls Lab Mongolia" 2020 оны 5 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод болно. Энэ ташрамд  нээлттэй сонгон шалгаруулалт 2020 оны 1 дүгээр сарын 15-наас албан ёсоор эхлэхийг Монголын авьяаслаг судлаач, эрдэмтэн залуусдаа дуулгая.

 

 

 

Холбоотой мэдээ