Дорноговь аймаг БНХАУ-ын Хунан мужийн Жан Жя Жие хоттой хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-12-11 10:29:57

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймаг БНХАУ-ын Хунан мужийн Жан Жя Жие хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин БНХАУ-ын Шаньси мужийн Си ан хотод болж буй Торгоны замын бизнесийн холбооны дээд хэмжээний уулзалт, БНХАУ-ын Хунан мужийн Жан Жя Жие хотод энэ оны 12 дугаар сарын 06-08-нд  болсон Хотуудын холбооны форумд оролцох үеэр зурсан аж.

Засаг дарга Т.Энхтүвшин аймгийнхаа хөгжил дэвшил, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын талаар тодорхой мэдээлэл хүргэснээс гадна гурван тулгуурт хөгжлийн бодлогын дагуу хөрш болон өндөр хөгжилтэй орнуудтай хэрхэн хамтран ажиллах талаар илтгэл тавьсан байна.

Дорноговь Монгол Улсын зүүн өмнөд хязгаарт оршдог дэд бүтэц, төмөр зам, зам тээвэр, харилцаа холбоо хөгжсөн аймаг бөгөөд улсын эдийн засгийн бараа эргэлтийн 80 гаруй хувийг хангадаг Замын-Үүдийн боомттой. Мөн гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Эрээн, Бугат, ОХУ-ын Эрхүү, Японы Шизүока зэрэг мужтай хамтын ажиллагаа тогтоогоод байна.

Дорноговь аймаг цаашид аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа, соёл, боловсролын чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсон хүчний солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн харилцан хамтарч ажиллах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй.

Дээрх уулзалтад Монгол Улсаас УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Дорноговь, Дархан-Уул, Ховд, Дорнод болон Төв аймгийн Засаг дарга нар оролцжээ.

Холбоотой мэдээ