Согтуугаар хохирсон иргэнтэй сүүлд хамт байсан хүнд хариуцлага тооцдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-11 15:25:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярыг өргөнөөр тэмдэглэдэг үе буюу 12 дугаар сар гарснаас хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил олширч байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тус албанд өчигдөр 287 дуудлага ирснээс, зам тээрийн ослын шинжтэй 225 зөрчил байсан бөгөөд ослын улмаас найман хүн бэртжээ. 


Зам тээврийн осолд өртсөн иргэдийн дөрөв нь явган хүний гарцгүй замаар хөндлөн гарч байхдаа тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байна. Замын цагдаа нар согтуугаар жолоо барьсан 30 жолоочиийг илрүүлж гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Согтуугаар жолоо барихаас гадна иргэд өөрийн үйлдлийг хянах чадваргүй болтлоо согтсон үедээ гарцгүй замаар хөндлөн гарахдаа осолд өртөх нь ойрын өдрүүдэд элбэгшиж байгааг тус албанаас анхааруулав. 


Түүнчлэн жолоодох эрхийн үнэмлэхгүй, тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангилалгүй, жолоочийн даатгалгүй иргэд өөрсдийгөө дуудлагын жолооч хэмээн иргэдийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох,  зам тээврийн осолд холбогдох явцдал цөөнгүй байгааг сануулав. Согтуугаар зөрчил гаргасан, хохирсон иргэний хамгийн сүүлд хамт байсан хүмүүсийг шалгаж, хариуцлага хүлээлгэдэг гэдгийг мөн анхаарууллаа.

Холбоотой мэдээ