Өмгөөллийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээн авахаас татгалзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-12 16:18:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзлаа.


Уг хуульд Өмгөөлөгчдийн холбоо байгуулах асуудлыг тусгасан юм. 2012 онд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Өмгөөлөгчдийн холбоог татан буулгаж, чиг үүргийг Монголын Хуульчдын холбоонд шилжүүлсэн. Хуульчдын холбоо өнгөрсөн хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа тул давхардсан чиг үүрэгтэй холбоог дахин байгуулах ёсгүй гэдгийг Ерөнхийлөгч хоригтоо дурдсан юм.


Гэмт хэрэг шүүн таслах үйл ажиллагаанд оролцдог хуулийн этгээдүүд нэг нэгнээсээ хараат бус байх ёстой. Гэтэл хуульч, шүүгч, өмгөөлөгч, прокурорууд Хуульчдын холбоонд харьяалагдаж байгаа нь хараат бус байдалд нөлөөлж болзошгүй гэдгийг Хоригийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд  хэлж байлаа.


Харин УИХ-ын гишүүн Н.Учрал, “Монгол Улсад ТББ-уудын тоо хэт олон, бүртгэл хяналт тодорхойгүй байгаа. Тиймээс нэг салбарт олон ТББ байгуулдгаа болих хэрэгтэй” гэсэн санал хэллээ.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн юм.

Холбоотой мэдээ