Бараа, үйлчилгээний үнэ 0.4 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-13 12:19:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.4 хувиар буураад байна. Харин өмнөх оны эцэстэй харьцуулахад 4.6 хувь, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өсөөд байгаа талаар ҮСХ-ны статистикч Н.Өлзийханд мэдээллээ. 

Бараа, үйлчилгээний өнгөрсөн 11 дүгээр сарын үнийг өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь,
  • үүн дотор мах, махан бүтээгдэхүүн 18.9 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6 хувь,
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувиар өсөж, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 4.6 хувь нэмэгдэхэд тус тус голлон нөлөөлжээ.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх сараас 0.4 хувиар буурахад мөн л хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувиар, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний 9.2 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Нийслэлд бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх сараас нэг хувиар буурч, өмнөх оны эцэстэй харьцуулахад 5 хувиар өссөн дүнтэй байна.


Аймаг, орон нутагт Сэлэнгэ, Говь-Сүмбэр, Дорноговь, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Булганд бараа, үйлчилгээний үнэ 11 дүгээр сард өмнөх сараас 0.1-0.6 хувиар буурсан бол бусад аймагт 0.2-0.8 хувиар өссөн дүнтэй байв. Сэлэнгэ аймагт 0.6 хувиар буурч, Ховд аймагт 0.8 хувиар өссөн хамгийн их дүн байв. 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ