Эрдэнэт үйлдвэр техникийн шинэчлэлдээ 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-12-14 12:53:34
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Эрдэнэт үйлдвэр” 41 жилийн ойн босгон дээрээ их бүтээн байгуулалтын хоёр дахь үеийг эхлүүллээ. 1978 оны 12 дугаар сарын 14-нд ашиглалтад орж, анхны зэс молибдены баяжмалаа экспортод гаргаж байжээ. Тэгвэл энэ  түүхэн өдрөө тус үйлдвэр Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Авто тээврийн цех зэрэг үндсэн болон бусад үйлдвэрлэлийн цех нэгжид техник технологийн шинэчлэл хийж, ашиглалтад хүлээн авлаа.

Уулын тээврийн шинэ техникүүдийг хүлээн авах үйл ажиллагаа Ил уурхайн 1280 дугаар түвшинд болсон бол технологийн шинэчлэлийн хүрээнд хийсэн томоохон бүтээн байгуулалтыг Баяжуулах үйлдвэрийн төв корпуст болсон юм.

Өнгөрсөн 5 дугаар сарын 1-нээс эхэлсэн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг уурхайчид өөрсдийн мэдлэг чадвар, туршлага, нарийн зохион байгуулалтын хүчээр бүтээж чадсаныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон хэлсэн юм. Тэрээр “Улиран одох гэж буй 2019 он уурхайчид та бидний хувьд ажил хөдөлмөрийн том ул мөрөө үлдээсэн жил боллоо. Энэ онд бид техник технологио боловсронгуй болгох замаар уурхайчид, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал ажлыг төлөвлөж, гүйцэтгэлээ. Өнөөдөр бид энэ ажлаа дүгнэж, албан ёсоор хүлээн авч байна. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бид энэ онд 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шинэчлэл хийлээ. Үүний 20 сая орчим долларыг геологийн хайгуулын бүхий л цогц ажилд зориуллаа. Үр дүнд нь Эрдэнэтийн овоо, ойр орчим дох нөөцийг цаашид 60 жил ажиллах боломжтой гэдгийг тогтоосон. Мөн хоёр хоногийн өмнө манай Геологи хайгуулын ангийг Геологи хайгуулын экспедиц болгон цар хүрээ, статусыг өргөжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь бидний энэ ажлын үр дүн гэдгийг нийт уурхайчиддаа баяртайгаар дуулгая. Бид техникийн болоод технологийн бодлоготой ажиллаж байгаа. Эдгээр шинэчлэл, бүтээн байгуулалтаа энэхүү бодлогын хүрээнд хийж буйг онцолъё. Ингээд бүтээн байгуулалтын ажилд баг болон гар сэтгэл нийлж, ур дүй,  ухаан чадал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан уурхайчид, инженер техникийн ажилтнууд, энд оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлье” хэмээн хэллээ.

Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд Зэс молибдены баяжмалыг салгах, молибдены баяжуулалтын дамжлагыг шинэчилж, Бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаар бутлуурыг МР-800 маркийн бутлуураар сольж, суурилуулсан байна. Ингэснээр баяжуулалтын фронтыг нэмэгдүүлж, молибдены металл авалтыг нэг хувиар өсгөн жилд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэж байна. Ашиглалтын зардал буурах, ажлын байрны нөхцөл сайжрах, хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчин бий болгох зэрэг олон давуу тал молибдены нөөц шугамд шингэжээ.

Харин МР-800 бутлуур нь Финланд улсын  METSO фирмийн нэрийн бүтээгдэхүүн. Нэг цагт 650 тонн хүдэр бутлах хүчин чадалтай,  хасах 10мм-ийн ангийн агуулгыг 60 хувьд хүртэл бутлах техникийн өндөр үзүүлэлттэй. Эл бутлуурыг ашиглалтад хүлээн авснаар нэгдүгээр шатны хүдэр нунтаглалтын бөөрөнцөгт тээрмүүдийн цагийн ачааллыг нэмэгдүүлж, жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрджээ. Баяжуулах үйлдвэрт хийсэн дараагийн ажил нь хүдэр нунтаглалтын 7 дугаар тээрэм шинэчлэл. Украин улсын НКМЗ үйлдвэрийн МШЦ 5.5*6.5 маркийн шинэ тээрэм нь 140 метр.кубын багтаамжтай, цагт 280 тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай. Жилд 1.2 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашгийг үйлдвэрлэлд авчрах юм байна.

Уулынхан харин 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай техникийн шинэчлэл хийж, уулын хэсэгтээ ОХУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн ЭКГ-12К маркийн экскаватор хоёр ширхэг, Зам овоолгын хэсэгт Катерпиллер 16М маркийн шинэ загварын автогрейдер, Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын экскаватораар хүч сэлбээд байна. Ил уурхайнхны ур ухаан, хөдөлмөр зүтгэлээр уурхайн мөргөцөгт дүнхийх 12.5 метр кубын багтаамжтай шанага бүхий ЭКГ-12 экскаватор нь цахилгаан зарцуулалтыг 30 хувиар хэмнэх аж.

Ийнхүү тус үйлдвэр үндсэн цехүүдийнхээ техникийг бүрэн шинэчилж эдийн засагт хэмнэлттэй, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг уртасгах боломж бүрдэж байна. 

Холбоотой мэдээ