Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ур чадварт суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-12-14 14:52:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Монголын Аутизмын холбоо, Гэрэлт оюун хүүхдүүд ТББ хамтран “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” сургалтыг гурав дахь удаагаа зохион байгууллаа.


Сургалтаар Баянзүрх дүүргийн ЕБС-ийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, бага ангийн багш ннийт 100 гаруй хүнд дээрх сэдвээр мэдлэг ойлголт өгөв.

БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам”-ыг өнгөрсөн таван сард баталсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харьяа дүүргийн ЕБС-д суралцах боломж нээгдэж байгаа юм.

БСШУСЯ-ны бодлогын хэрэгжилтийг урт хугацаанд үр дүнтэй байлгах зорилгоор багш нарыг сургах, шаардлагатай мэдлэг ойлголт, ур чадварыг олгох сургалтад Улаанбаатар хотын 1000 орчим багшийг хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол 300 гаруй багшийг хамруулаад байна.

Тэгш хамруулан сургах бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” сургалтын материалыг бүх аймгуудад хүргэжээ. Мөн “Autism Canada” байгууллагаас гаргасан эцэг эх,багш нарт зориулсан гарын авлагыг Монголын Аутизмын холбоо орчуулан БСШУСЯ-наас санхүүжүүлэн хэвлүүлж сургалтад оролцогчдод тараасан юм.

 

Холбоотой мэдээ