Монгол судлалыг Харвардын их сургуульд хөгжүүлнэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-12-16 12:34:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг Харвардын их сургуульд монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр БСШУСЯ тус сургуультай Хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Харвардын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Марк Эллиотт нар гарын үсэг зурав. Санамж бичгийн дагуу Харвардын их сургуульд монгол судлалыг хөгжүүлэх шат дараалсан ажил өрнүүлнэ. Уг үйл ажиллагааг Монгол Улсын талаас МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар хариуцан ажиллах юм.


Харвардын их сургууль нь монгол судлалын эртний уламжлалтай бөгөөд АНУ-ын нэрт монголч эрдэмтэн, монгол сурвалж бичиг, үсэг бичгийн дурсгалын талаар хийсэн цуврал судалгаагаар дэлхийн монгол судлалд нэрээ дуурсгасан Фрэнсис Вүүдмэн Кливез тус сургуульд ажиллаж байжээ. Түүнээс хойш уг сургуульд монгол судлалын далайцтай үйл ажиллагаа тасалдаад байсан юм.


Ф.В.Кливезийн номын сан христийн нэгэн сүмд өнөө хэр хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг судалгааны эргэлтэд оруулах асуудлыг уулзалтын үеэр талууд хөндлөө. Сүүлийн жилүүдэд Чин гүрний үеийн түүх, манж судлалаар мэргэшсэн профессор Марк Эллиоттын санаачилга, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгээр Харвардын их сургуульд монгол судлал дахин сэргэх боломж бүрдэж байна хэмээн БСШУСЯ мэдээлэв. 


Холбоотой мэдээ