Ц.Сүхбат " Final - 2019" тэмцээний ялагч болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-17 12:22:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын даамын холбоо, "Алтан хүү" клубтэй хамтран зохион байгуулдаг оны шилдэг даамчныг тодруулах "Final - 2019" тэмцээн 12 дугаар сарын 9-13-нд УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн байранд болов.


Дээд лигийн цувралуудаас бүтэн жилийн туршид хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 10 тоглогч уламжлал ёсоор өрсөлдсөн бөгөөд энэ жилийн хувьд 4 оролцогч нь 13-19 насны охид байсан юм.


Тойргийн журмаар өрсөлдөн дүнгээ гаргахад "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ДДХМ Ц.Сүхбат боломжит 18 онооноос 14-ийг авсан амжилтаар анх удаа тус тэмцээний аваргаар тодорлоо. Харин 2017, 2018 оны аварга ОУИМ Д.Эрдэнэбилэг /Шинэ Монгол/ сүүлийн хоёр учраатайгаа тэнцсэнээр 13 оноогоор удаалав. ОУИМ Г.Ганжаргал /Ирээдүй/, ДДХМ Ц.Хашчулуун /Дебют/ нар адилхан 11 оноотой  болж нэмэлт үзүүлэлтийн чанараар Г.Ганжаргал гуравдугаар байр эзлэв.


Тэмцээнд оролцсон дөрвөн эмэгтэй тамирчнаас Э.Хүслэн хамгийн өндөр амжилтыг үзүүлж, 10 оноогоор "Айргийн тав"-д шалгарсан байна. Тэмцээнийг Б.Одхүү захиралтай "Кэнс Электрик" ХХК ивээн тэтгэжээ. Оролцогчид эзэлсэн байраас шалтгаалж 50-500 мянган төгрөгийн шагнал хүртэв.



“Final - 2019” Тэмцээний дүн:


1. ДДХМ Ц.СҮХБАТ /Хасу-Мегастарс/ 14 оноо

2. ОУИМ Д.ЭРДЭНЭБИЛЭГ /Шинэ Монгол/ 13 оноо

3. ОУИМ Г.ГАНЖАРГАЛ /Ирээдүй/ 11 оноо

4. ДДХМ Ц.ХАШЧУЛУУН /Дебют/ 11 оноо

5. ДДХМ Э.ХҮСЛЭН /Алтан хүү/ 10 оноо

6. ДДХМ Г.ГЭРЭЛБОЛД /Shoeslove/ 9 оноо

7. ОУИМ Б.МИШЭЭЛ /Ирээдүй/ 7 оноо

8. ДДХМ Г.ХЭРЛЭНМӨРӨН /Идэр ИС/ 7 оноо

9. СМ Б.АНУЖИН /Алтан хүү/ 6 оноо

10. СМ Ц.ЭРДЭМБИЛЭГ /Хийморь хөлөг/ 2 оноо

Холбоотой мэдээ