Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг Л.Баярсайхан агсны нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-12-17 17:25:15

Дорноговь /МОНЦАМЭ/Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарт өрнөж буй үйл явцаас тоймлон хүргэж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг клиникийн профессор, мэс заслын эмч Л.Баяраа агсны нэрэмжит болголоо.

Л.Баярсайхан эмч тус эмнэлэгт олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөө орон нутагт хийх боломж хомс хүнд мэс заслын ажлыг мэргэжлийн ур чадвар гарган амжилттай хийж олон хүний амь насыг аварч байсан алтан гартай эмч байсан юм.

Дээрх мэс заслын тасгийг  Нутгийн зөвлөлийн 50 сая төгрөгийн дэмжлэгээр шинэчлэн засварласан байна.  

Өмнө нь нэг хугацаанд хоёр мэс заслыг зэрэг хийдэг байсан бол өргөтгөж шинэчилснээр дөрвөн хагалгааг зэрэг хийх боломж бүрдэж байгаа гэж эмнэлгийнхэн онцлов.

Засвар шинэчлэлийн ажлыг “Эвийн гэрээ” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгчээ. Мэс заслын тасагт засвар хийснээр эмч нарын ажиллах боломжийг хангаж байна. 


“Мишээлт мана” ӨЭМТ шинэ байртай болов



 

Дорноговь аймгийн Сайншанд сумын “Мишээлт мана” Өрхийн эрүүл мэндийн төв шинэ байранд төвхнөв.

Шинэ байртай болсноор иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх нөхцөл бүрдлээ хэмээн Эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. “Мишээлт мана” Өрхийн эрүүл мэндийн төв багийнхаа 2500 гаруй иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэдэг аж.

Барилгын ажлыг орон нутгийн төсвийн 398 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Айсуй хөгжил” ХХК барь ашиглалтад оруулжээ.

 

Амбулаторийн үзлэгийн 8.5 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна


Энэ  оны 12 дугаар сарын  12-ны  байдлаар  аймгийн хэмжээнд  8686  хүн амбулаториор үйлчлүүлсний  734  буюу  8.5 хувь нь  томуу томуу төст өвчний шалтгаантай байжээ.

Томуу болон томуу төст өвчний нийт тохиолдлын 86.6 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд эзэлж буй бөгөөд үүнээс 53.0  хувийг 0-4 насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа аж. Гэхдээ томуу болон томуу төст өвчин өмнөх долоо хоногоос 18.3 хувиар буурсан. Харин  5-14 насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, нэг насны хүүхдүүдийн дунд буурсан үзүүлэлттэй  байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Томуугийн улирал эхэлж буйтай холбогдуулж  эрсдэлт бүлгийн хүн амыг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг зохион  байгуулж  сайн дурын дархлаажуулалтаар есдүгээр сард  970 хүнийг,  10 дугаар сард 700 хүнийг хамруулжээ.

Мөн тархвар судлалын заалтаар эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, ахмад настан, архаг хууч өвчтэй, жирэмсэн 1240  хүнийг дархлаажуулалтад тус тус хамруулжээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааг энэ оны 07 дугаар сарын 03-наас эхлэн орон даяар хэрэгжүүлж байгаа аж.


“Тэмбүүг устгая” аян хэрэгжиж байна


Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлж байна.

Энэ оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ, тэмбүүгийн халдвар илрүүлэх үзлэг, шинжилгээнд нийт 19803 хүнийг хамруулан, шинээр 179 тэмбүүгийн өвчлөлийг илрүүлж, эрүүлжүүлж, хяналтад авчээ. Эрүүл мэндийг дэмжих сангийн 10,697,0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгээр “Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааны хүртээмжийг сайжруулах” төсөл болон “FXB” орон нутгийн хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлсэн байна.

Мөн  орон нутгийн удирдах ажилтан 50 хүнийг сургалт, нөлөөллийн уулзалтад хамруулж, ДОХ,ХДХВ, БЗДХ, элэгний В.С вирусийн халдварын талаарх ойлголт, салбар хоорондын хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах чиглэлээр арга зүйгээр хангаж, “Элэг бүтэн” Монгол хөтөлбөрийн үзлэг шинжилгээг ХДХВ/ДОХ, тэмбүүгийн халдвар илрүүлэх үзлэг, шинжилгээтэй хамтатган зохион байгуулжээ.

Аяны хүрээнд ХДХВ/ДОХ, тэмбүүгийн халдварын идэвхтэй тандалтыг эрчимжүүлэх зорилгоор явуулын амбулаторийн үзлэг, зургаан сумын эрүүл мэндийн цогц үзлэг, “FXB” орон нутгийн хөтөлбөр, ХДХВ/ДОХ, тэмбүү, хепатит В, С вирусийн хавсарсан халдварыг илрүүлэх “Эрүүл цус - Эрүүл элэг” 2 сарын аян зэргийг зохион байгуулав.


Эрүүл мэндийн болон цагдаагийн газрын сурталчилгааны самбар байршуулжээ


Дорноговь аймгийн хэмжээнд зам тээврийн осол их гардаг засмал замын дагуу эрүүл мэндийн болон цагдаагийн газрын утасны дугаар бүхий сурталчилгааны самбарыг байршууллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  санхүүжилтээр  зургаан сумын нутаг дэвсгэрт хийсэн аж.

Тухайлбал, босоо тэнхлэгийн зам дагуу зургаан цэг буюу Даланжаргалан сумаас хойш дөрвөн км-ийн зайд, Айраг сумаас урагшаа 35 км-т, Сайншанд сумаас хойш, Өргөн сумаас баруун зүгт засмал замд 25 км зайд, Эрдэнэ сумаас урагш, Замын-Үүдээс хойш 60 км зайд тус тус байршуулсан аж.

Ингэснээр тээврийн замд зорчиж буй жолооч, зорчигч нар шаардлагатай тохиолдолд цагдаа, эрүүл мэндийн байгууллагад хандах, тусламж авах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөвлөгөө мэдээлэл авах боломж бүрдэнэ гэж албаныхан онцлов.

 

Холбоотой мэдээ