Дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-19 15:29:25

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 4-5-нд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс ХонгКонгт болсон “Азийн хөрөнгө оруулалтын чуулга” уулзалтад оролцсон талаар өнөөдөр ГХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаа мэдээллээ.

Уг чуулга уулзалтыг “Credit Suisse” банкнаас 19 дэх удаагаа зохион байгуулсан бөгөөд олон улсын хэмжээнд банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин болон одоо хэрэгжиж буй мега төслүүдийн талаар үндсэн илтгэл тавьсан байна.

Монгол улсад олон улсад бонд гаргаж, хөрөнгө босгож байгаатай холбогдуулан бонд худалдан авсан аж ахуйн нэгжүүдэд улс төр, нийгэм, эдийн засгийн талаар мэдээлэл хүргэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор уг чуулганд оролцсон хэмээн А.Ариунаа мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Чуулганы үеэр Ерөнхий сайд ХонгКонгийн Ерөнхий захирагч Лян Жөн-Ин болон “Credit Suisse” банкны төлөөлөгч,  Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Зень Луй Циньтэй уулзсан. Уулзалтын үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй, ТЭЗҮ нь бэлэн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ