Онцгой байдлын байгууллагад 57.9 сая еврогийн зээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-20 14:36:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав. Ингэснээр БНФУ-ын Засгийн газраас Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад 57.9 сая еврогийн зээлээр техникийн тусламж үзүүлэх юм. 


Тодруулбал, "Airbus ЕС-145" загварын гурван нисдэг тэрэг, сургалтын бага оврын нэг нисдэг тэрэг нийлүүлж, симулятор, ангар, шатахуун цэнэглэх, хүйтний нөхцөлд нефть хадгалах станц байгуулах юм. Үүнээс гадна обьектын түймэр унтраах 42 ширхэг тусгай тоноглолтой автомашин олгохын сацуу нисдэг тэрэгний нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх юм байна. Дээрх зээлийн хугацаа нь 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байх аж. Энэ талаарх төслийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 12 дугаар сарын 17-ны хуралдаанаараа төслийг хэлэлцэж чуулганаар батлуулахыг дэмжсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн  Н.Оюундарь чуулганд танилцуулсан юм. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг, Монгол Улсад хувийн хэвшилд одоо худалдан авах гэж байгаатай ижил нисдэг тэрэг байгааг тэмдэглээд, тэдэнтэй ОБЕГ хамтран ажиллах боломж, мөн шинээр нисдэг тэрэг авснаар гарах урсгал зардлыг тооцсон эсэхийг лавлалаа. 


ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Энэ төрлийн нисдэг тэрэг Монголд хоёр байгаа ч нэг нь ашиглагддаг гэдгийг тэмдэглээд, аврах, эрэн хайх шаардлагатай, цаг тулсан үед тэдгээр нь өөр тийшээ ниссэн байдаг, цагийн 3-5 мянган ам.долларын өртөгтэйгээс гадна тусгай тоноглол байдаггүйг хэллээ. Тиймээс 4500 метрийн өндөрт нисэх чадвартай дээрх тусгай тоноглолтой нисдэг тэргийг авах шаардлагатай гэв. Урсгал зардлын хувьд, Сангийн яаманд танилцуулсан бөгөөд жилд гурван тэрбум төгрөгийн зардал тооцсон, төсөвт суусан гэдгийг тайлбарлалаа. Энэ нь зөвхөн онгоц худалдан авах биш, гурван жилийн хугацаанд БНФУ-аас хүмүүс ирж нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх зэргээр Онцгой байдлын байгууллагын дэд бүтцийг сайжруулах ач холбогдолтойг онцоллоо. 


Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ.


Ташрамд дурдахад, Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 21-ний хуралдаанаар, Агаараас эрэн хайх, аврах анги шинээр байгуулах шийдвэр гаргасан.

Холбоотой мэдээ