К.К. Рокоссовскийн дурсгалын хөшөө, “Эх орны баатар” музейн нээлтэд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-23 14:08:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХУ-ын гарамгай жанжин, ЗХУ, БНПАУ-ын төр, цэргийн нэрт зүтгэлтэн К.К. Рокоссовскийн мэндэлсний 125 жилийн ой энэ сарын 21-нд тохиожээ.


Ойн хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод дурсгалын хөшөөг нь босгон, “Эх орны баатар” нэртэй музейг нээжээ. Уг Хүндэтгэлийн ёслолд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон байна.


Энэ үеэр дэслэгч генерал Ц.Тогоо, “К.К. Рокоссовский 1926-1928 онд Улаанбаатар хотод цэргийн сургагчаар ажиллахдаа БНМАУ-ын Ардын хувьсгалт цэргийг эмхлэн байгуулах, бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан” гэдгийг онцлов. Манай улс ЗХУ-ын маршал К.К.Рокоссовскийг Д.Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны Улаан тугийн одон, “Найрамдал”одонгоор шагнасан түүхтэй.


Мөн үеэр “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны удирдлагууд ОХУ-ын “Дайчин нөхөрлөлийн холбоо”-той хамтран ажиллах талаар уулзсан байна. “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-г эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэн хөгжүүлэх, ард иргэдээ соён гэгээрүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор байгуулсан. Холбооны тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажилладаг юм.

Холбоотой мэдээ