Монгол, Хятадын түүхэн замналыг гэрэл зургаар өгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-12-23 18:48:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын СИНЬХУА агентлагийн хамтарсан “Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын Уран зургийн галерейд нээлээ.

Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан цуврал ажлуудын отгон нь болж байгаагаараа онцлогтой бөгөөд тус үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны түр хамаарагч Ян Чиндун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй, СИНЬХУА агентлагийн Улаанбаатар дахь салбарын дарга Асхан нарын хүндэт зочид оролцов.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр үзэсгэлэнг нээж хэлэхдээ, өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол Улс, БНХАУ-ын нийгэм улс төр, боловсрол, соёл, спорт гээд олон салбарт харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ирснийг онцлон тэмдэглээд манай үндэсний хамгийн том мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын СИНЬХУА агентлагийн гэрэл зурагчдын дуранд буусан шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

 

МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг хэлэхдээ, “Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агенлагийн хувьд, 2019 он хамтын ажиллагааны шинэ шинэ цонхыг нээж, олон ажлыг хийсэн, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлсэн жил байлаа. Бид 2019 оны 9 дүгээр сард Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнг ОХУ-ын “Россия Сегодня” агентлагтай хамтран зохион байгуулсан. Энэ удаад СИНЬХУА агентлагтай хамтарсан үзэсгэлэнгээ нээж байна. Өөрөөр хэлбэл, МОНЦАМЭ агентлаг хөрш орнуудынхаа хамгийн том мэдээллийн агентлагуудтай хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэнг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын Удирдах зөвлөлд сонгогдож, 2020 онд тус байгууллагын Удирдах зөвлөлийн болон Техникийн зөвлөлийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болоод байна.

МОНЦАМЭ, СИНЬХУА агентлагууд 2018 онд хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулахдаа мэдээ мэдээлэл, гэрэл зургуудыг солилцохын зэрэгцээ хоёр улсын чухал тэмдэглэлт баяр ёслол, томоохон үйл явдлын үеэр хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар тогтсоны эхний ажил өнөөдөр ийнхүү биеллээ оллоо. Үзэсгэлэнг зохион байгуулах ажлыг бүх талаар дэмжсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, хамтран ажилласан СИНЬХУА агентлагийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээв.

 

Энэхүү үзэсгэлэнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, өнөөгийн хөгжлийг харуулсан  МОНЦАМЭ агентлаг 70, СИНЬХУА агентлаг 70 гэрэл зураг буюу нийт 140 гэрэл зургийг дэлгэжээ. Эдгээр зурагт өнгөрсөн 70 жилийн хугацааны хоёр улсын олон талт харилцаа, хамтын ажиллагааг тусган харуулсан бөгөөд хоёр агентлагийн архивт буй түүхэн гэрэл зургууд ч багтсанаараа онцлогтой юм.

"Түүхэн замнал" гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг дуустал Монголын Уран зургийн галерейд гарна.

Ташрамд дурдахад, МОНЦАМЭ болон СИНЬХУА мэдээллийн агентлаг анх 1958 онд мэдээ солилцох тухай хэлэлцээр байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд найрсаг хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирсэн юм.


Холбоотой мэдээ