Зуугаас дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудыг алдаршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-12-27 15:21:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран анх удаа “Амь бэлэглэсэн амь” ёслолын ажиллагаа зохион байгууллаа. Энэхүү ёслол “Holiday inn Ulaanbaatar” төвд өнөөдөр болсон юм.

 Хэн нэгний ганц удаа өгсөн цус гурван хүний амь насыг авардаг. Тиймээс цусны донорыг дэлхийн аль ч улсад “Жинхэнэ баатар”, “Чимээгүй баатар”, “Эгэлгүй баатар” гэх зэргээр өргөмжлөн алдаршуулдаг.

Энэ үеэр 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн ачтан донорууддаа хүндэтгэл илэрхийлэн, тэдний эгэлгүй ач гавьяаг бусдад сурталчлан алдаршуулсан юм.

Одоогоор нийслэлд нийт 318 хүндэт донор байдаг бөгөөд энэхүү хүндэтгэлийн ёслолд 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн цусны донор 35 иргэнийг мөнгөн шагналаар урамшуулсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гардуулж талархал дэвшүүллээ. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, “Та бүхэн бол буянтай гэгээн үйлс бүтээж буй эгэл биш ачтан юм шүү” хэмээн тодотгоод нийслэлийн төр захиргааны байгууллагууд эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийлсэн юм.


Холбоотой мэдээ