Говьд гялтганах Хүн-Эрдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. МЭХ-ны Дундговь аймгийн зөвлөлөөс нийгмийн сайн сайхны
төлөө үйлсээрээ эмэгтэйчүүдийг манлайлан яваа Дундговь аймгийн дөрвөн бүсгүйг
2019 оны “Говьд гялтганах Хүн-Эрдэнэ”-ээр өргөмжлөн тус холбооны шагналаар шагнасан
юм. Түүний нэг нь Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн Жамбал
овогтой Нямаа юм.
Энэ бүсгүй Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн.
Бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжилтэй.
Түүний тэргүүлдэг Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн
нийгэмлэг нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, эмэгтэйчүүдийн нийгэмд
эзлэх байр суурийг тэгшитгэх, эрүүл мэнд болон хувь хүний хөгжлийн чиг
хандлагыг зөв төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, судалгаа явуулах, хүмүүнлэгийн
зорилтот төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага
ажээ.
Ж.Нямаа Дундговь
аймгийн Сайнцагаан суманд 10 га газрыг цэцэрлэгжүүлж, улиас, хайлаас, монгол болон хятад
сакура, орос алим, америк
гүзээлзгэнэ, чацаргана зэрэг
жимс жимсгэний мод нутагшуулан тарьж байна.
Тэрээр өсвөр
насны охид эмэгтэйчүүдэд амьдралын үнэ цэнийг ухааруулан ойлгуулж, зөв бие хүн
болон төлөвшихөд нь тусламж дэмжлэг үзүүлэх, хувь хүний хөгжлийн цогц
сургалтаар боловсрол олгох, охид бүсгүйчүүдээ ирээдүй өөд итгэлтэйгээр алхахад
нь туслах, ирээдүйн сайн
эхчүүдийг бэлтгэх эрхэм зорилгын хүрээнд “Нарны охид” охидын хөгжил, боловсролд
чиглэсэн төслийг орон даяар амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Охид, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө
цуцашгүй хөдөлмөрлөж, сэтгэл зүрхээ зориулан яваа энэ бүсгүй цаашид хэрэгжүүлэх
үйл ажиллагааныхаа талаар “он гаргаад төлөвлөсөн ажлууд их байна. Өсвөр үеийнхний
эрүүл мэндийн асуудлаар судалгаа хийж, тэднийг илүү ихээр ойлголоо. Зүгээр
суухад хайран байна. “Нарны охид” төсөл маань 2020 онд хүрээгээ илүү их тэлж,
ажиллана” гэжээ.
Мөн тус
нийгэмлэгээс санаачлан, хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг нь Дэлхийн Монгол
туургатан улс орнуудыг хамруулсан “Өхөөрдөм гоёо” дэлхийн монгол туургатан
хүүхэд багачуудын загварын анхдугаар их наадам юм.
Энэ наадмыг 2018 оны тавдугаар сарын 20-22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. Энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон Монгол туургатан улс үндэстнүүдээ
тойрон зохион байгуулах бөгөөд “Өхөөрдөм гоёо” наадмыг зохион байгуулж байгаа
улс болгонд хүмүүнлэгийн ажлыг
хамтатган хэрэгжүүлэхээр
төлөвлөсөн аж.
Түүнээс гадна зорилтот
бүлгийн хүүхэд багачуудыг хувцаслах
болон хоол хүнсний тусламж үзүүлж,
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудтай хамтран ажиллаж, шаардлагатай
хичээлийн хэрэглэгдэхүүн болон ширээ сандал зэргийг хандивлах хөтөлбөрүүдийг
улирал болгон хэрэгжүүлдэг ажээ.
Дундговь
аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэгт тоглоом, тоног төхөөрөмжийн 50,0 сая төгрөгийн төсөл, жимсний мод,
бут тарих ажлын байраар хангах үйл ажиллагаанд 100,0 сая төгрөг, “Нарны охид” хөгжил хамгааллын танхим байгуулах
ажилд 10,0 сая төгрөгийн хөрөнгө босгож, зарцуулсан
байна.
Говьд гялтганах энэхүү “Хүн-Эрдэнэ” Дундговь аймаг
төдийгүй, Монгол Улс, цаашлаад Монгол туургатнаа хамран үйл ажиллагаагаа
өргөжүүлж, охид, эмэгтэйчүүд, хүүхэд багачуудын гэрэлт ирээдүйн сайн сайхны
төлөө сэтгэл юугаа зориулж яваа сайн үйлстэн бөгөөд удахгүй дэлхийн хэмжээнд
гялтганах Хүн-Эрдэнэ болох нь дамжиггүй.

