Шинэ цэцэрлэг, спорт заалын барилгыг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-02 10:20:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Он солигдох мөч буюу 2019 оны төгсгөлд Дорноговь аймгийн зарим суманд соёл, спорт цогцолбор, цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өргөн суманд сургуулийн спорт заалын барилгыг 2019 оны 12 дугаар сарын 28-нд ашиглалтад оруулсан нь 300 гаруй сурагчтай Өргөн сумын сургуулийн хүүхэд залуусыг биеийн тамир спортоор ая тухтай орчинд хичээллэх нөхцөлийг бүрдүүлэв.

Хүүхдүүдийн бие бялдрыг багаас нь хөгжүүлэх, эрүүл чийрэг өсгөж торниулах зорилтын дор ирээдүйн тив, дэлхийн аваргууд төрөх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг албаныхан онцолсон. Мөн соёл спортын албанд дөрвөн хүний ажлын байрны орон тоог нэмжээ.

Тус суманд  дөрвөн айлын орон сууц ашиглалтад оров. Ард иргэдийн эрүүл энхийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд энэхүү  тохь тухтай байранд  аж төрнө.

Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон иргэдийн төлөөлөл оролцов.


Айраг суманд соёл спортын цогцолборыг ашиглалтад оруулав


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Айраг суманд соёл спортын цогцолборыг ашиглалтад оруулж нээлтийн ёслолыг  2019 оны 12 дугаар 28-нд зохион байгуулав.

Хүүхэд залуучуудыг биеийн тамир спортоор хичээллэх ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлснээр аймаг, улс, олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах, иргэд хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн бие бялдрыг багаас нь хөгжүүлэх, эрүүл чийрэг өсөж торних боломж бүрдлээ гэж албаныхан мэдээлсэн.

Айраг сум 320 хүүхдийн багтаамжтай сургуультай. Спорт цогцолбор ашиглалтад орсноор боловсролын салбарт оруулах суурь дэд бүтцийн ажил хангагджээ.

Орон нутгаас сургууль, цэцэрлэг, дотуур байрны тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар боловсролын салбарт хөрөнгө оруулах, хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлэх зорилтыг тавьж байна.


Мандах сум шинэ цэцэрлэгтэй боллоо


Аймгийн төвөөс баруун зүгт 150 км алслагдсан Мандах сум улсын төсвийн 875 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо.

Барилгын ажлыг "Өгөөмөр шанд" ХХК гүйцэтгэж өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд хүлээлгэн өгөв. Сумын цэцэрлэгийн барилгыг 40 гаруй жилийн өмнө барьсан бөгөөд эдүгээ чанар нь муудаж ашиглахад хэцүү болсон аж.

Одоогоор тус цэцэрлэгт 70 хүүхэд сургуулийн өмнө боловсрол эзэмшиж байна. Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл аюулгүй, ээлтэй орчинд суралцах, амьдрах стандарт шаардлагыг хангасан нийгмийн үйлчилгээг бий болгох зорилт тавьжээ.

Холбоотой мэдээ