Өмнөд Африкт арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх хууль батална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-20 15:22:32

КЕЙПТАУН. /Xinhua/. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах болон үзэн ядах асуудлыг зохицуулах хуулийг удахгүй танилцуулна гэж Өмнөд Африкийн Хууль зүй, засан хүмүүжүүлэх асуудал эрхэлсэн сайд Майкл Масута мэдэгдэв.

“Засгийн газар уг хуулийн төслийн заалтуудыг олшруулах асуудал дээр ажиллаж байгаа бөгөөд төслийг энэ жилийн сүүлчээр парламентад өргөн барина. Энэ хууль нь эрх тэгш байдлыг дэмжих, шударга бус, ялгаварлан гадуурхах үйлдлээс урьдчилан сэргийлэх болон бусад холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангахад тус дөхөм болно” гэж тэрбээр мэдэгджээ.

Цагаан арьстнууд болон хар арьснууд хооронд бие биенийгээ үзэн ядсан агуулгатай сэтгэгдлүүд цахим хуудсаар гарч, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдал газар авсантай холбоотойгоор эл асуудлыг зохицуулах арга хэмжээ авахыг олон нийт шаардсаар байгаа юм. 

Хүний эрхийг дээдлэх арга хэмжээний хүрээнд энэ жил арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тэмцэх асуудлаарх уг хуулийн төслийг өргөн барина гэж Масута мэдэгджээ.

Мөн тэрбээр "Ерөнхийлөгч Нельсон Манделагийн 1996 онд баталсан Үндсэн хууль нь Өмнөд Африкт арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг өөгшүүлсэн апартейд дэглэмийн үеийн хуулиудыг үгүй хийж, ард иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлдэг нийгмийг бий болгох замд оруулсан бөгөөд энэ Үндсэн хуульд бидний санаачилж байгаа хууль бүрэн нийцэж байгаа" гэж дурдлаа.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ