Нэгдүгээр эгнээнд зогссон жолооч нарыг торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-04 10:12:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн автобусны буудал болон замын хөдөлгөөний нэгдүгээр эгнээнд зогссон суудлын автомашины жолооч нарыг өнөөдрөөс эхлэн Зөрчлийн хуулиар торгож байхаар боллоо. 

Дээрх ажлыг ТЦА, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран хэрэгжүүлэхээр болж байна. 

Энэ үйл ажиллагаа нь нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэх, нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсдог жолооч нарт хариуцлага хүлээлгэх зорилготой гэдгийг мэдэгдэж байна. Ингэхдээ нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр болоод байна. 

Учир нь нийслэл Улаанбаатар хотод одоогоор үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5км/цаг байгаа аж. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой юм байна.



Холбоотой мэдээ