Отроор өвөлжиж буй малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-14 16:11:15

Ховд /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгөх зорилгоор ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт  ажиллав.

Ажлын хэсгийнхэн нэгдүгээр сарын 13-нд Ховд аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Энэ үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэлэхдээ: Одоогийн байдлаар Ховд аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон, өвөлжилт хэвийн байна. Цаашид цаг агаар хүйтэрч, хүндрэх төлөвтэй байгаа. Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ялангуяа отроор өвөлжиж буй малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэн ажиллахад анхаарах шаардлагатай гэв. 

2019-2020 оны өвөл Ховд аймгийн 17 сумын 91 багт 7800 малчин өрхийн 3083.0 мянган мал өвөлжиж байна. Үүнээс 1494 өрхийн 1071.4 мянган толгой мал хилийн зурвас болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт отроор өвөлжиж байгаа юм.  

Холбоотой мэдээ