Ая тухтай тохилог, шинэ орчин хүүхдүүдээ хүлээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-15 11:37:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-нд томуу, томуу төст өвчний хорио тавигдаж, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд Сайнцагаан сумын V цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эх, багш, ажилчдынх нь сэтгэл шингэсэн ая тухтай  тохилог, шинэ орчин хүлээж байна.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын тавдугаар цэцэрлэг, Монголын багш нарын холбооны аймгийн салбартай хамтран Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тавдугаар цэцэрлэгтэй шефийн холбоо тогтоож, багш нарын төлөөлөл очиж туршлага судалжээ.

Туршлага судалсан багаас цэцэрлэгийнхээ багш, ажилчид, эцэг эхийн зөвлөлийн гишүүдэд аяллын тайлангаа тавьснаар “Цэцэрлэгийнхээ дотоод орчныг сайжруулах” төсөл боловсруулж, нийт эцэг эхчүүддээ танилцуулан 2,0 сая орчим төгрөгийн хөрөнгө босгож, өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлан хонгилоо тохижуулаад байна.  

“Ямар нэг туршлага судалж ирсний ард заавал бүтээлч ажил хийж байх ёстой. Тиймээс бид хамгийн түрүүнд хүүхдүүдийнхээ ая тухтай, хөгжих боломжийг нэмэгдүүлэхийг зорьсон. Өдөр нь хүүхдүүдээ авчихаад, оройн цагаар болон хагас, бүтэн сайн өдрөөр өөрсдөө засварын ажлаа хийсэн, хонгилдоо хүүхдүүдийнхээ сэтгэхүйг хөгжүүлэх уламжлалт буюу сүүлийн үеийн тоглоом наадгайг байрлуулна. Засварын болон зурах, бичих ажлуудыг өөрсдөө л хийж, нөөц бололцоогоо бүрэн ашиглаж байна” хэмээн багш нар нь ярилаа.

Цэцэрлэгийн хамт олон цаашдаа Өвөрхангай аймгийн туршлагаар хүүхдүүдээ багаас нь хогоо ялгаж, ангилж чаддаг болгох зорилготой байгаа ажээ.

Тус цэцэрлэг 140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хэдий ч одоогийн байдлаар 6 бүлэгт 229 хүүхэд хүмүүжиж байна. 

Холбоотой мэдээ