Нийт нутгийн 70 хувь цастай байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-01-15 16:06:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт нутгийн 50 хувь зудын эрсдэлтэй, 20 хувь нь зудын дунд эрсдэлтэй байгаа талаар Ус цаг уур, орчны шинжилгээ судалгаа, мэдээллийн хүрээлэн мэдээлж байна. 

Тодруулбал, зудын эрсдэлийн зургаар энэ нэгдүгээр 10-ны байдлаар, нийт нутгийн 70 орчим хувь цастай байна. Хөвсгөл аймгийн хойд хэсэг, Хэнтий, Сүхбаатар болон Дорнодын зүүн өмнөд тал, Ховд аймгийн зүүн өмнөх хэсэгт зузаан цастай байна. Завхан аймгийн нийт нутаг дэвсгэр зудын эрсдэлд ороод байгааг Ус цаг уур, орчны шинжилгээ судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн хэлтсээс мэдээлж байна. Мөн Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь аймгийн зарим сум эрсдэлтэйд тооцогдож байна. 


Зудын эрсдэлтэй нутаг гэдэг нь цаашид дахин цас орж хүйтэрвэл зуд болох өндөр эрсдэлтэй нутгийг хэлдэг байна. Мөн өнгөрсөн намар, зуны байдлаас шалтгаалсан олон параметр үзүүлэлтээр гаргадаг байна. Завхан аймгийн ихэнх суманд мөсөн үе тогтон, Их-Уул зэрэг зарим суманд 30 см зузаан цастай байгаа учир мал бэлчихэд хүндрэлтэй байгаа юм. 

Холбоотой мэдээ