Иргэд улс, хот хооронд болон орон нутагт "Авто буудал"-аас зорчиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-15 22:28:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны А/04 тоот захирамжаар улс, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг тээврийн хэрэгслүүдийг аймгийн Авто тээврийн төвийн Авто буудалд байрлуулах шийдвэр гаргасан.

Уг шийдвэр нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэд, олон нийтийг зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, захын ойр орчмын замын түгжрэл саатлыг арилгах  зорилготой бөгөөд энэ сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна.

Захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Өлгий сумын ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд хамтран хяналт, шалгалт хийж, ард иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байгаа. Зарим иргэн "Тирлик" захаас Авто буудал хүртэл 3 орчим километр зайтай, хүмүүст чирэгдэл учруулна хэмээн шүүмжилж байна. Харин хотын удирдлага тус чиглэлд нийтийн тээврийн маршрут нээж асуудлыг шийдэхээ илэрхийлэв.

Иймд улс, хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, хувиараа таксины үйлчилгээ хийдэг жолооч нарыг эрх бүхий байгууллагын хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлж, Улаанбаатар хот, Казахстан Улс болон бусад аймаг, сум руу "Авто буудал"-аас явж байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ