Жаргалтхаан сумын эрчим хүчний хүчин чадал сайжирлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хэнтий аймагт ажиллах үеэрээ, Цэнхэрмандал-Жаргалтхаан сумыг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамыг улсад хүлээн авах ёслолд оролцлоо.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилгоор “Цэнхэрмандал” дэд станцыг ийнхүү өргөтгөн тус шугамыг барьжээ. Ингэснээр тус станцын хүчин чадал 35/6 квт-аар нэмэгдэж байгаа юм. Шинээр татсан агаарын шугам 44.5 км урт бөгөөд 35 киловаттын хүчин чадалтай аж. Өргөтгөлийг “Багануур- Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компани дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Эрчим хүчний бүтээн байгуулалтын хүрээнд Жаргалтхаан дэд станцын барилгыг мөн гүйцэтгэжээ.
Жаргалтхаан сум 1994 онд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Үүнээс хойш шинэчлэл, өргөтгөл хийгээгүй учир хүчдэл унах, нэмэгдэж байгаа ачааллыг даахгүйд хүрээд байсан юм. Тус сумын иргэд өнгөрсөн жил Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр үүнд анхаарахыг хүсэж байсан нь өнөөдөр бодит ажил боллоо.