Хүүхэд хамгааллын чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-16 20:02:34
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын ажлын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.

Ноён Алекс Хайкенс Монгол Улсын цагдаагийн байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр сүүлийн жилүүдэд олон төрлийн ажил зохион байгуулж үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хүүхдийн эрх хамгаалал, аюулгүй байдлыг хангахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Цагдаагийн байгууллага ноднин хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол гэмтэл, цахим гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр иргэдийн оролцоотой "Хүүхэд хамгаалагч" төсөл, "Зөв тусгал", "Unfreind", “Яараад яахав дээ” зэрэг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Үр дүнд нь хүүхэд хохирсон гэмт хэрэг  2018 онд  2.0 хувиар, 2019 онд 5.3 хувиар буурчээ.

Холбоотой мэдээ