Л.Батбаяр:Татварын шинэ хуульд алслагдсан орон нутагт татварын дэмжлэг үзүүлнэ гэж заасан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Энэ оноос хэрэгжиж эхэлсэн татварын өр төлөх хугацааг хөнгөлөх журам, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн талаар Завхан аймгийн Татварын хэлтсийн дарга Л.Батбаяртай уулзаж тодруулга авлаа.
-Аж ахуйн нэгжийн
орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд ямар
өөрчлөлтүүд орсон юм бол?
-Татварын
хуульд хэд хэдэн онцлох өөрчлөлтүүд бий. Тухайлбал энэ хуулийн 22.5.1-д алслагдсан
орон нутагт татварын дэмжлэг үзүүлнэ гэж заасан байна. Энэ нь аймаг,
суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий
захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай
харьцдаг, ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр
баталгаажсан/ албан татвар төлөгчийн тухайн аймаг, сумын нутаг
дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон албан
татвар ногдох орлогод ногдох албан татварыг аймаг, сумын
төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50
хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар
дэмжлэг олгоно гэж заажээ. Мөн хөнгөлөлтөд хамрагдахгүй заалт байгаа. Энэ нь 22.8,
22.5.1-д заалтад дараах салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч нарт
хамаарахгүй. Нэгдүгээрт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх ашиглах үйл
ажиллагаа. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох. Тамхины ургамал
тарих,тамхи үйлдвэрлэх, худалдах, импортлох. Газрын тосны бүтээгдэхүүн
импортлон эсхүл дамжуулан худалдах. Ярианы үйлчилгээ эрхлэх. Эрчим хүчний эх
үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх. Иргэний
нисэхийн үйл ажиллагаа эрхлэх. Авто зам, замын
байгууламжийг барих, засварлах үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд
хөнгөлөлтөд хамрагдахгүйгээр заажээ. Хөнгөлөлтийг албан татвар ногдох орлого нь
300,0-1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд
тусгасан 20.2.7-д , 22.1.1-1.3 дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа
явуулдаг Монгол Улсын хуулийн дагуу
үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу
ногдуулсан албан татварыг 90 хувиар олгоно.
-Аж ахуйн нэгжүүд татварын тайланг жилд хэдэн
удаа өгөх вэ. Мөн татвар төлөх хувь хэмжээг яаж заасан байгаа вэ?
-Тухайлбал өмнөх
жилийн татвар ногдуулах орлого зургаан тэрбум төгрөг ба түүнээс дээш бол жилд
дөрвөн удаа тайлан өгч 25 хувиар татвар төлнө. Харин хуулийн 20.2.7-д зааснаар 0-300,0
сая төгрөг хүртэл жилийн орлоготой /22.1.1-1.3/ зааснаас бусад салбарт үйл
ажиллагаа явуулдаг байгууллагууд жилд хоёр удаа 7-р сарын 20, жилийн эцсийн
тайланг 2-р сарын 10-ны дотор цэвэр ашгаасаа нэг хувиар татвар төлнө. Мөн
хуулийн 22.1-д зааснаар 300,0 сая- 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, АМНАТ,
согтууруулах ундаа, тамхи, газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хуулийн
этгээд нь жилд хоёр удаа 7-р сарын 20, жилийн эцсийн тайланг 2-р сарын 10-ны
дотор 10 хувиар татвар ногдуулан дараа жилийн 2-р сарын 10-ны дотор татвараа бүрэн
төлж, төлсөн татварын 90 хувийг буцаан
олгоно. Өртэй аж ахуйн нэгжүүд хөнгөлөлтөд хамрагдахгүй. Өмнөх жилийн
борлуулалтын нийт орлого 50 сая төгрөгөөс бага бол татварын жилийн гуравдугаар
улиралд багтаан хүсэлт гаргана. Сонголтоор жилд нэг удаа тайлагнана. Орлогын
нийт дүнгээр нэг хувиар хуулийн 26.7-д зааснаар шинээр үүсгэн байгуулагдсан
хуулийн этгээд бол жилд хоёр удаа нэг хувиар татвар төлнө. Мөн хуулийн 26.7-д
зааснаар шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд бол жилд хоёр удаа нэг
хувиар татвар төлнө. Хуулийн 26.8-д зааснаар үйл ажиллагаа эрхлээгүй тухай
тайлан гаргасан жилийн дараагийн татварын жилээс эхлэн жилд нэг удаа дараа оны
2-р сарын 10-ны дотор тайлангаа өгөөд татвар төлөхгүйгээр заасан байна.
-Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой ААН-ийн
тайлан илгээх журамд ямар өөрчлөлт орсон бэ?
-2019 оны 03 дугаар сарын 22-нд Татварын
ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хүн амын
орлогын албан татварын хууль батлагдсан. Үүнтэй холбоотойгоор татвар
төлөгчтэй холбоотой нийтээр дагаж мөрдөх 35 журмын төслийг өнгөрсөн 2019 онд татвар
төлөгчөөр хэлэлцүүлэн санал авах ажлыг Татварын албанаас зохион байгуулсан.“Татварын
тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх” журамд
хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал тухайн төрлийн татварын хуульд заасан
тайлан тушаах хугацаанд татвар төлөгч цахимаар тайлан үйлдэж, тушаах үед
болон тухайн төрлийн тайлан тушаах хуулийн хугацаа дуусмагц цахимаар тушаасан
тайланг татварын алба цахим системээр хянан, боловсруулалт хийж хүлээн
авна. Тайланд залруулга хийх үйлдлийг хуульчилсан. Өмнө нь тайланд залруулга
хийх үйлдэл нь журмаар зохицуулагдаж байсан бол одоо Татварын ерөнхий хуулийн
31 дүгээр зүйлд тайланд залруулга хийх тухай бүлэг заалт тусгагдсан байгаа. Мөн
татвар төлөгч хялбаршуулсан горимоор татварын тайланг тушаах боломжтой
болсон. Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж эзэмшиж буй тусгай
зөвшөөрөл тус бүрээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан
гаргаж, татварын тооцоо хийхээр байна.
-Хялбаршуулсан горимоор тайлан өгнө гэдгийг
энгийнээр тайлбарлавал?
-Энэ нь өмнөх тайлант жилийн борлуулалтын орлогоос
хамаарах ба татвар төлөгчийн үйл ажиллагааны нийт орлогын дүн 50 сая төгрөгөөс
бага байх, мөн хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлдэггүй,
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй ААН, хувь хүн
хялбаршуулсан горимоор тайлан тушааж болно. Хялбаршуулсан тайлан тушааж байгаа
татвар төлөгчийн тухайн жилийн үйл ажиллагааны нийт борлуулалтын орлогод нэг
хувиар албан татвар ногдуулна. Хялбаршуулсан горимоор тайлан өгөх хүсэлтийг
цахим системээр татварын албанд ирүүлж бүртгүүлснээр жилийн эцэст нэг л
удаа тайлан тушаана гэсэн үг.
-Хялбаршуулсан тайлан тушаахад юуг анхаарах вэ?
-Татвар төлөгчийн борлуулалтын орлого цахим
төлбөрийн баримтын систем /ebarimt,mn/-д заавал бүртгэгдсэн байх шаардлагатай.
Хялбаршуулсан горимоор тайлан тушаахад өмнөх жилүүдийн татварын тайлангаар
гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт
эдлэхгүй, ямар нэгэн зардал хасахгүйгээр зөвхөн л нийт орлогын дүнд 1 хувиар
татвар ногдуулж тайлагнана.
-Тайланд хянан боловсруулалт хийх талаар
тодруулбал?
-Тухайн төрлийн тайлан тушаах хуулийн хугацаанд
татвар төлөгч тайлангаа үйлдэж тушаах үед, мөн хуулийн хугацаа дуусмагц
татварын алба тайланг хүлээж авах үед 2 удаа хянан боловсруулалтыг хийж байгаа.
Бид хууль шинэчлэгдэн батлагдахаас өмнө буюу 2016 оны жилийн эцсийн тайланг
хүлээн авахаас эхлэн татвар төлөгчийг эрсдэлээс хамгаалах зорилгоор хянан
боловсруулалт хийж тайланг хүлээн авч эхэлсэн. Хянан боловсруулалт хийнэ гэдэг
нь энгийнээр хэлбэл татвар төлөгчийн тушаасан тайлангийн мэдээллийг холбогдох
бусад тайлан, бусад байгууллагаас ирүүлсэн хөндлөнгийн мэдээлэлтэй системийн
аргаар харьцуулан шалгаж, хүлээн авч буй үйл ажиллагаа юм. Жишээ нь: ААНОАТ-ын
тайлангийн борлуулалтын орлогыг и баримтын систем дэх борлуулалтын орлоготой харьцуулах,
өмнөх сар, улирлын тайланг ирүүлсэн эсэх, өссөн дүнгээр тайлагнасан эсэх гэх
мэт. Бид хянан боловсруулалт хийгээд зөрүүгүй тайланг хүлээн авна, хэрэв зөрүү
илэрвэл зөрүүг залруулж тайлан тушаах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ.
Тайлан залруулах шаардлага хүлээн авсан татвар төлөгч шаардлага хүлээн авснаас
хойш ажлын 3 өдөрт багтаан тайланг залруулж ирүүлэх эсвэл тайланг залруулах
шаардлагагүй бол тайлбараа ирүүлж болно. Татвар төлөгчийн цахимаар ирүүлсэн
тайлан болон хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар тухай бүр татвар төлөгчид
мэдэгдэнэ.
-Хянан
боловсруулалт хийгээд татвар төлөгчид мэдэгдэнэ гэлээ. Хэрхэн яаж мэдэгдэх вэ?
-Өмнө нь бид татвар төлөгчийн тайлан болон
хүсэлтийн шийдвэрлэлтийн мэдээллийг зөвхөн цахим системийн мэдэгдлээр
хүргүүлдэг байсан бол одоо татварын албанд бүртгэлтэй цахим шуудангийн хаяг,
гар утсаар нь давхар хүргүүлдэг болсон. Шинээр бүртгүүлж байгаа татвар төлөгч
цахим татварын системд анх нэвтэрч орохдоо мэдээлэл хүлээн авах цахим
шуудангийн хаяг, гар утсаа баталгаажуулдаг болсон. Мөн хуучин бүртгэлтэй байсан
татвар төлөгчид ч холбоо барих мэдээллээ хянах, шинэчлэн баталгаажуулах
боломжтой байгаа. Иймд татвар төлөгчид маань хэрвээ холбоо барих хаяг, утсаа
өөрчилж байгаа бол тухай бүртээ мэдээллээ шинэчилж баталгаажуулж байх
шаардлагатай. Ингэснээр татварын тайлангийн мэдээлэл цаашлаад татварын албаны
үйл ажиллагааны хөгжил, системийн өөрчлөлт гэх мэт татвар төлөгчид шаардлагатай
мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой юм.
-Тайлан
тушаах хугацааны хувьд өөрчлөгдсөн зүйл байгаа юу?
-ААНОАТ-ын тайлан тушаах хугацаанд өөрчлөлт
орсон. Энэ нь өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлогоос хамаараад
жилд 1 удаа, 2 удаа, 4 удаа тайлагнахаар байгаа. Бусад тайланд өөрчлөлт
ороогүй. Энд нэг зүйлийг нэмж тодруулахад зөрүүтэй тайлан залруулах, татвар
төлөгчийн хүсэлтээр тайлан залруулах, хоцорсон тайлан тушаах тохиолдолд
татварын алба тайлан тушаах боломж олгосноос хойш ажлын 3 өдөрт багтаан тайланг
тушаахаар журамлагдсан. Өмнө нь татварын алба тайлан засварлах, хоцорсон тайланг
тушаах хүсэлтийг зөвшөөрсний дараа татвар төлөгч өөрөө хуулийн хугацааг эхлүүлж
тайланг шивдэг байсан бөгөөд хуулийн хугацааг эхлүүлтэл хэдэн ч өдөр болсон
“Хуулийн хугацааг эхлүүлнэ үү” гэсэн төлөвтэйгөөр хүсэлт хадгалагддаг байсан
бол одоо ажлын 3 өдөр өнгөрөхөд хүсэлт хүчингүй болж тайлан засварлах боломж
хаагдана. Иймээс татвар төлөгчид маань хуульд заасан хугацаандаа амжиж
залруулсан болон хоцорсон тайлангаа тушаахыг анхаарах хэрэгтэй байна.
-Хэрвээ
хуулийн хугацаандаа амжиж тайлангаа ирүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээх
үү?
-Татварын ерөнхий хуульд “Хүндэтгэн үзэх
шалтгаан” гэдгийг тодорхойлж өгсөн байгаа. Хэрвээ хүндэтгэн үзэх
шалтгаантайгаар татварын тайланг тушаагаагүй бол татварын албанд тайлан тушаах
хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлнэ. Татварын алба хүсэлтийг хянаж, тайлан
тушаах боломжийг олгоно. Харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тайланг
тушаагаагүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцуулснаар
тайлан тушаах боломжтой болно.
-Хуульд
татварын тусгай харилцааг хэрхэн зохицуулсан байгаа вэ?
-Татварын
хялбаршуулсан горимд өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын
нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага албан татвар төлөгч тухайн татварын
жилийн гуравдугаар улиралд багтаан хүсэлтээр дараагийн татварын жилээс эхлэн
тухайн албан татвар төлөгчийн үйл
ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг
тодорхойлж нэг хувиар албан татвар төлж болно. Хоёрдугаарт татварын
хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь татварын бүртгэл мэдээллийн
нэгдсэн санд холбогдсон байна. Гуравдугаарт орлогын хэмжээ 50 сая төгрөгөөс
дээш болсон өдрөөс горимоос гарна. Дөрөвдүгээрт хуульд зааснаас бусад
шалтгаанаар горимоос тайлант хугацаанд гарахгүй. Хялбаршуулсан горим сонгосон
татвар төлөгч энэ хуульд заасан бусад хөнгөлөлт чөлөөлөлтийг эдлэхгүй. Татварын
албанаас хүргүүлсэн хуваарийн дагуу төлөх татвараа төлнө.
-Татвар
төлөгчийн зөрчилд хүлээлгэх хариуцлага нь ямар байх бол?
-Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 6.1-д “Хууль
тогтоомжид заасан тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй бол иргэнийг 150,000
төгрөг, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1500,000.00/
төгрөгөөр тус тус торгох юм. Мөн хуулийн 1.4-д зааснаар хуулийн этгээдийн нэр,
хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл зөвшөөрөл, эд
хөрөнгө, баримт бичгийг бусдад шилжүүлсэн, эсхүл ашиглуулсан бол татварыг нөхөн
төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгоно. Харин татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн,
хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1
хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулж алданги тооцдог.
-Шинэ
хууль хэрэгжсэнээр татварын өр хураах үйл ажиллагаанд орсон өөрчлөлт ямар
онцлогтой вэ?
-Татварын албаны зүгээс татварын өр хураах
ажиллагаанд хэд хэдэн өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, татварын өр төлөх
субъектийн хувьд өөрчлөлт орсон.
Тодруулбал, өртэй татвар төлөгчөөс гадна татвар
төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд, мөн өв залгамжлагчаас татварын өрийг
нэхэмжлэхэд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд татварын өрийг хураана.
Хоёрдугаарт, эрсдэлтэй нөхцөл байдал
буюу татвар төлөгч татан буулгах шийдвэр гаргасан. Монгол Улсад оршин суух
хаяггүй болсон, татвар төлөгч хууль бус үйлдлээр татвар төлөхөөс зугтах, эсхүл
зугтахыг оролдох, татварын буцаан олголт
авах, залилангийн шинжтэй үйлдлээр хөрөнгө шилжүүлэх, санаатайгаар
дампуурах зэргээр татвараа төлөхгүй болох нь тодорхой болсон тохиолдолд өр
хураах албадлагын үйл ажиллагаа эхлүүлнэ. Гуравдугаарт, татвар төлөх хугацаа сунгасан боловч энэ
хугацаандаа татвараа төлөөгүй тохиолдолд өр хураах албадлагын үйл
ажиллагаа эхлүүлнэ гэж заасан байгаа.
-Өр
хураах үйл ажиллагаа нь хэрхэн явагдах вэ?
-Шинэ хуулиар гүйцэтгэлийн бие даасан эрх
мэдлийг нэмэгдүүлсэн зохицуулалт үйлчлэхээр болсон. Өөрөөр хэлбэл,
хугацаандаа төлөөгүй татварын өрийг хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ
хөрөнгө битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх буюу
дуудлага худалдааг татварын алба зохион
байгуулахаар хуульчлан журамласан.Татварын өр хураах ажиллагааг
дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ.
Татварын алба хугацаандаа төлөөгүй татварын
өрийг албадан хураахаасаа өмнө татвар төлөгчдөд
татварын өр төлөхийг мэдэгдэх зорилгоор нэхэмжлэх хүргүүлэх, сануулах,
анхааруулах зэрэг хоёроос гурван удаа мэдэгдсэний дараа дараах албадлагын
арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тухайлбал татварын өрийг мэдэгдэх, төлөхийг шаардах. Татварын
өрийг үл маргах журмаар гаргуулах. Бэлэн мөнгө хураах. Хөрөнгө болон авлага
битүүмжлэх. Битүүмжилсэн хөрөнгө хураах. Битүүмжилсэн хөрөнгө мөнгөн хэлбэрт
шилжүүлэх буюу дуудлага худалдаа. Мөнгөн хэлбэрт шилжүүлсэн орлого хуваарилах, өр
барагдуулах гэсэн процесс байна.
Татварын албанаас хэрэгжүүлэх өр
хураах болон албадлагын үйл ажиллагаа бичил, жижиг, дунд, том бизнес
эрхлэгчдэд адил тэгш хэрэгжинэ. Хэрвээ татвар
төлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай бол өр барагдуулах хугацааг уртасгасан
зохицуулалт орсон нь татвар хураах үйл ажиллагааны бас нэг онцлог
юм.
-Татвар
төлөгчийн татварын өр барагдуулах хугацааг сунгасан гэж
байна. Хэр хугацаанд сунгасан бэ?
-Хуучин хуулиар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас
татварын өрийг төлж чадахгүй бол татвар төлөх хугацааг 60 хүртэл хоногоор нэг
удаа сунгаж болно гэж заасан нь татвар төлөгчдийн хувьд тун бага хугацаа
байсан. Харин 2020 оны нэгдүгээр
сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн шинэ хууль, журам өр төлөх хугацааг нэгээс хоёр
жилээр сунгах боломж олгож байгаа.
-Татвар
төлөгчийн хүндэтгэн үзэх ямар шалтгааныг харгалзан үзэх вэ?
-Шинээр батлагдсан Татварын ерөнхий хуулийн
6.1.41-д заасан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж
байгаа өвчтөн асрамжлах, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, гамшиг
тохиолдох, татвар төлөгч үйл ажиллагаагаа зогсоосон, татвар төлөгчийн үйл
ажиллагаанд гурван жил дараалан их хэмжээний алдагдал хүлээж, төлбөрийн
чадвар муудсан зэрэг тохиолдлуудад татвар төлөх хугацааг нь 24 сар хүртэл
хугацаагаар сунгаж уртасгасан.
Өөрөөр хэлбэл, татвар төлөгч харьяалах татварын
албанд бичгээр хүсэлт гаргах бөгөөд хүсэлтэд хөрөнгийн байдал, санхүүгийн
чадавх зэрэг шалтгаанаа тодорхойлон хөнгөлөлтийн хугацаанд татварын өр төлөх
хуваарийг гаргаснаар хугацааг сунгах зохицуулалт юм.
-Хувь
хүний орлогын албан татварын хуульд ямар ямар өөрчлөлтүүд орсон юм бол?
-Хувь хүний орлогын
албан татварын хуучин хуулийн 16.1.12-д хувь хүн өөрийн орлого болон банк,
санхүүгийн байгууллагаас зээлээр буюу өөрийн хөрөнгөөр анх удаа хувьдаа орон сууцны барилга барих,
эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний
хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлж 3,0 сая төгрөг хүртэл орлогыг олгоно.
Одоо мөрдөгдөж байгаа
хуульд зааснаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц
худалдан авсан бол албан татвар төлөгчид ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ
болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх
хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Эсвэл амьдран суух зориулалтаар
зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан
авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад
зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийн хэмжээ зургаан сая төгрөг хүртэл
байна гэж заасан.
-Сургалтын
төлбөрийн хөнгөлөлтийг одоо мөрдөгдөж байгаа хуульд өөрчилсөн заалт бий юу?
-Тийм ээ байгаа.
Тухайлбал хуучин хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу
үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын
сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар
нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлдэг байсан.
Харин шинэ хуулийн 23.5-д зааснаар Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн
төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон
асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж,
мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар
элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын
мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар
нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын
хөнгөлөлтийг эдлүүлэхээр болсон байна.
Хуучин хуульд суралцаж
байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар
сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль,
коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулдаг
байсан. Тэгвэл одоо мөрдөгдөж байгаа шинэ хуулиар татвар төлөгч суралцаж байх
хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын
төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль,
коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулахаар
болсон байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогын
чөлөөлөлтийг хуульд хэрхэн зохицуулсан юм бол?
-Тэгэлгүй яах вэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогын чөлөөлөлтийн тухай өөрчлөлт орсон
байна. Хуучин хуульд хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас
дээш хувиар алдсан хувь хүний орлогыг чөлөөлнө гэж заасан байсан. Тэгвэл шинэ
хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогыг албан татвараас бүрэн чөлөөлөхөөр
болсон. Гэхдээ ердийн өвчнөөр групп тогтоогдсон иргэд татварын чөлөөлөлтөд хамаарахгүй
гэж заасан байна.
-Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгчид ямар
хэмжээтэй татварыг төлөхийг хуульчилсан бэ?
-Энэ хуулийн 21.4.1-д
зааснаар бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгчид гэж ажлын байр, лангуу зэрэг
тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь
хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээний нэг хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50
хувьтай тэнцэх хэмжээнд буюу 4200-210000 төгрөгийн татварыг төлнө. Мөн хуулийн 21.4.2-д
хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан
татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувь, дээд
хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд буюу 21000-420000
төгрөгийн татварт төлөхөөр тусгасан.
-Албан
татварын хэмжээг хаанаас тогтоодог юм бол?
-Сард төлөх албан
татварын хэмжээг аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоодог. Сар
бүр ногдох албан татварыг тогтмол хэмжээгээр төлөх үүрэгтэй юм. Бичил худалдаа,
ажил үйлчилгээ эрхлэгчид нь татварын тайлан гаргахгүй. Эсвэл татвар төлөгч
өөрөө хүсвэл сар бүр татвар төлж жилийн эцэст татварын тооцоо хийж хөнгөлөлт,
чөлөөлөлт эдэлж болно.