Орон нутгийн сонгуулийн сурталчилгааг 15 хоног болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-22 18:11:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй гурван гишүүний өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дэмжлээ. 


Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ажлын багийн ахлагч Х.Нямбаатар танилцуулав. Ажлын баг төслийн талаар зарчмын зөрүүтэй 94, төслийн үг хэллэг, нэр томьёо, дугаарлалтыг жигдэлсэн 5 багц найруулгын санал бэлтгэсэн гэж байлаа. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгахыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуульд нэр дэвшигч төрийн албанаас чөлөөлөгдөх хугацаа, хандивын талаар илүүтэй лавлаж,  ухуулагчийн тоог багасгах талаар байр сууриа илэрхийлэв. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариултдаа, Хуулийн төсөлд, нэр дэвшигч нь 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг наймдугаар сарын 1-ээс гэж өөрчлөхөөр болсон. Мөн  хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон гэж тайлбарлалаа.


Харин ажлын багийн ахлагч Х.Нямбаатар, Сонгуулийн өмнөх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээнэ гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-наас зогсоож 10 дугаар сарын 15-наас нээх аж.


Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаарх Ажлын баг болон УИХ-ын гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. 


Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “3.1.8.“цахим хуудас” гэж бүх төрлийн контентыг интернетийн домэйн нэр болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээг ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг; 3.1.9.“ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг” гэсэн  агуулгатай заалт, мөн төслийн 7 дугаар зүйлд “7.6.Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа өгөх боломжоор хангагдсан байна” гэсэн агуулгатай хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 


Мөн төслийн 10 дугаар зүйлд “10.11.Санал хураалт дууссанаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 10.1-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо тайланг нэгтгэж 60 хоногийн дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ., 10.12.Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн хороод тайландаа тухайн орон нутаг дахь төрийн аудитын салбар байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 


Түүнчлэн төслийн  33 дугаар зүйлд “33.1.9.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэсэн агуулгатай хэсэг, төслийн 29 дугаар зүйлд “29.8. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. 


Мөн төслийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсгийг нэгтгэн, “56.2 Хандив өгөхийг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ”  гэж, төслийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг, 63.2.1, 63.2.2 дахь заалтыг “63.2 Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх харьяа өрхийн эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ” гэж бүхэлд нь өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.


Харин төслийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “5 дугаар сарын 1-ний” гэснийг “8 дугаар сарын 1-ний” гэж өөрчлөх, төслийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.15 дахь хэсгийн “22:00” гэснийг “20:00” гэж өөрчлөхийг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 


УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Эрдэнэбат нар  хуулийн төсөлд “сонгуулийн ирцийг 50+1 хувь байх” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ