Төр, хувийн хэвшлийн чуулган Эрдэнэтэд эхэллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-01-24 10:33:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Орон нутгийн хөгжилд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа-оролцоо" чуулган Орхон аймгийн төв Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд өнөөдөр эхэлж байна.

МҮХАҮТ-аас санаачлан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай хамтран зохиож буй чуулганд Дархан-Уул, Орхон, Булган аймгийн 450 гаруй бизнес эрхлэгч оролцож байна. Чуулганы нэг гол сэдэв яриа нь "Эрдэнэт" зэрэг томоохон үйлдвэрийг тойрч орон нутгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нар хамтын ажиллагааны холбоо кластерыг хөгжүүлэн ажиллах талаар хөндөж байна. 

Тухайлбал, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс саяхан танилцуулсан аймгуудын өрсөлдөх чадварын тайлан судалгаагаар Орхон аймаг тэргүүлж байхад Булган аймаг 21 дүгээрт жагссан. Энэ жишээгээр харахад л төвийн бүсэд аймгууд ойр орчмын орон нутгийнхантайгаа хөл нийлүүлэн, бизнес эрхлэгчдийн оролцоон дээр суурилсан кластерын зарчмаар хөгжих боломж байгааг чуулганыг нээсэн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин илтгэлдээ тодотгож байна.




Тэрээр, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас 16 аймагт "Төр" хувийн хэвшлийн түншлэл"-ийн бүтэц болох хамтын ажиллагааны зөвлөл байгуулан ажиллаж буйгаа дуулгаж, Бизнесийн орчны судалгаан дээр тулгуурлан “Тийрэлтэт эдийн засгийн шинэ загвар” боловсруулснаа танилцууллаа. 

Өнөөдрийн чуулганд мөн "Эрдэнэт" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн оролцож үг хэлэхдээ, "Эрдэнэт" үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ нэн түрүүнд дэмжих бодлого барьж байна гэдгээ илэрхийллээ.

Чуулганд Сангийн яам, Төрийн өмчийн зохицуулах хорооны төлөөлөл болон Булган, Орхон аймгийн засаг захиргаа, "Эрдэнэт" ТӨҮГ, МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Худалдааг дэмжих хорооны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, орон нутгийн бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид оролцож байна.

Мөн энэ үеэр орон нутгийн 100 орчим үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байна.


Холбоотой мэдээ