Дональд Трамп Ойрхи Дорнодын талаарх төлөвлөгөөгөө танилцуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /RIA Nоvosti/. Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах төлөвлөгөөгөө Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай нэгдүгээр сарын 28-нд уулзахаасаа өмнө танилцуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Төлөвлөгөө нь хэрэгжинэ гэдэгт Трамп итгэлтэй байгаагаа илэрхийлээд Палестины төлөөлөгчидтэй энэ талаар хэдийнэ хэлэлцсэн гэдгээ нэмж хэлэв. “Бид тэдэнтэй товч ярилцсан, гэхдээ хэсэг хугацааны дараа тэдэнтэй дахин хэлэлцэнэ. Тэдэнд энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх олон шалтгаан байгаа. Эхэндээ тэд эсэргүүцсэн хариу арга хэмжээ авна гэдэгт би итгэлтэй байна, гэвч үнэн хэрэгтээ энэ бол тэдний хувьд татгалзаж болмооргүй маш нааштай төлөвлөгөө” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
АНУ-ын засаг захиргаанаас урьд нь мэдээлснээр, Трамп Израилын удирдагчийг Цагаан ордонд хүлээн авна. Урилгыг мөн Израилын сөрөг хүчний удирдагч Бени Ганц хүлээн авсан байна.
Ойрхи Дорнодод энх тайван тогтоох Цагаан ордны төлөвлөгөөг Израилд гуравдугаар сарын 2-нд сонгууль болохын өмнө танилцуулах нь зөв эсэхийг Трамп ойрын хэдэн өдрүүдэд шийднэ гэж “Axios” мэдээллийн цахим хуудсын эх сурвалж урьд нь мэдээлжээ.