Төрийн худалдан авалт бол бизнесийг дэмжих нэг боломж гэж үзэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-24 14:36:47
NandiaMontsame

Эрдэнэт /МОНЦАМЭ/. МҮХАҮТ, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай хамтран “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулга уулзалтыг Эрдэнэт хотноо өнөөдөр зохион байгуулж байна. Чуулганд МҮХАҮТ, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын удирдлагууд, Орхон, Булган аймаг, Сангийн яамны төлөөлөл болон 400 орчим жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч оролцож бизнесийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авах үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцлаа.


МҮХАҮТ өнгөрсөн онд 21 аймагт бизнесийн орчныг үнэлэх судалгаа хийж, 16 аймагт “Хамтдаа асуудлаа шийдэцгээе” төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ. Орхон, Булган аймагт болсон уулзалтын үеэр бизнес эрхлэгчид төрийн худалдан авалт, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний том аж ахуйн нэгж нь жижиг дунд бизнесийг дэмжих нэг боломж гэсэн шийдлийг дэвшүүлсэн нь өнөөдрийн чуулганыг зохион байгуулах шалтгаан болсныг МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин нээлтийн үеэр онцлов.


Тэрбээр: “Эрдэнэт үйлдвэр Монгол улсын эдийн засгийг олон жил нуруун дээрээ үүрч байгаа үндэсний бахархалт том аж ахуйн нэгж. Хоёр хоногийн өмнө Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайланг гаргаж, 2019 оны аймгуудын жагсаалтыг зарлалаа. Энд Орхон аймаг эхний байрт, зэргэлдээх Булган аймаг сүүлийн байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь үндэсний хөгжлийн бодлого, эдийн засгийн загвар тодорхой хэмжээнд алдаатай байгааг харуулж байна. Монгол Улсын иргэд, ААН жигд хөгжих ёстой. Орон нутагт орлого бага учир ажлын байр, нэмэлт орлого хайснаас Улаанбаатар хотод хэт төвлөрөл үүссэн. Иймд бүсчилсэн хөгжлийн бодлого, томоохон төслийг дагаад бүс нутгийн кластерыг зөв хөгжүүлэх ёстой. Орхон болон Булган аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчид Эрдэнэт үйлдвэртэй зөв хоршиж, хамтран ажиллах боломжийг нээхэд өнөөдрийн чуулганы гол зорилго оршиж байна” хэмээв.


Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 2018 онд Монгол Улсын татварын орлогын 7 хувийг дангаараа бүрдүүлж, Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран шалгаруулдаг ТОП 100 ААН-ийн жагсаалтыг 2004 оноос хойш 14 удаа тэргүүлжээ. 2019 онд 37.2 сая тонн хүдэр олборлон, 32.2 сая тонн хүдэр боловсруулж, Улсын төсөвт 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.


Эрдэнэт үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээс 2016 онд 5.2 тэрбум, 2017 онд 14.6 тэрбум, 2018 онд 46 тэрбум, 2019 онд 48.2 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Худалдан авалтын үнийн дүн ийнхүү өсөж байгаа нь орон нутгийн ханган нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар нэмэгдэж буйтай холбоотой. Учир нь тус үйлдвэр худалдан авалт хийхдээ баримталдаг гол зарчим нь бүтээгдэхүүний стандартын шаардлага хангасан байдал юм.


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: “40 жилийн түүхтэй, 60 жилийн ирээдүйтэй Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны цар хүрээ өргөн. Бид орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж, хамтран ажиллах зарчмын хүрээнд Орхон, Булган, Улаанбаатар болон өөр бусад аймгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй олон жил хамтран ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай, нээлттэй үйлдвэр. Орон нутаг цаашлаад улсыг хөгжүүлэх гол зүйл бол үйлдвэрлэл. Бид 2020 оныг шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил болгон зарласан. Гадаадын ч дотоодын ч үйлдвэрлэл эрхлэгчдэд манай зүгээс тавих шаардлага нэг. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа нэг минут ч тасалдах ёсгүй учир худалдан авч буй тоног төхөөрөмж, бараа материал стандартын өндөр шаардлага хангасан байх ёстой” гэлээ.


2008 онд Монгол Улсын хэмжээнд жилдээ 300 орчим тендер зарладаг байсан бол 2019 онд энэ тоо 17.000 болж нэмэгджээ. Өнгөрсөн онд төрийн байгууллагууд tender.gov.mn цахим хуудсаар дамжуулан 3.2 их наяд төгрөгийн худалдан авалтын гэрээ байгуулсан байна.


Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул: "Өнөөдөр төрийн байгууллагууд tender.gov.mn цахим хуудсаар дамжуулан худалдан авалт хийдэг болсноор байгууллагууд ил тод, нээлттэй болж байна. Төр бол хамгийн том худалдан авагч. Тендерийн тухай хууль дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихгүй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өндөр шаардлага тавьж байна гэсэн гомдол их ирдэг байсан. Иймд Монгол Улсын Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэгчдээ төрийн худалдан авалтаар дэмжих хэрэгтэй гэж үзэн өнгөрсөн жил уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлтөөр тендерийн хариу өгөх, худалдан авах үйл ажиллагааг богино хугацаанд хийдэг болсон. Түүнчлэн тендер зохицуулалтыг цахимаар зохион байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, Засгийн газраас баталсан тусгай барааны жагсаалтад багтсан 155 нэр төрлийн бараа үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрлэгчдэд давуу эрх олгож, тендерт оролцохгүйгээр шууд гэрээ байгуулах боломжтой болсноос гадна орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН-д давуу эрхийн зөрүү заавал олгодог болсон. Давуу эрхийн зөрүүг хэрхэн тооцохыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулсан байдаг” хэмээв.


Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авснаар тус үйлдвэр 100 хувь төрийн өмчийн статустай болсон. Үүнтэй холбоотой Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ tender.gov.mn сайтаар дамжуулан цахимаар тендер шалгаруулдаг болсон бөгөөд энэ хугацаанд 520 тендер шалгаруулалт явуулсан байна.  


Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордонд болсон энэхүү чуулганы үеэр Орхон, Булган аймгийн 100 гаруй үйлдвэрлэгч өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцууллаа.

 




Гэрэл зургийг Б.Баттөгс 

Холбоотой мэдээ