Шуурхай ажлын хэсэг хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-27 22:28:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комиссын "Шуурхай ажлын хэсэг"-ийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Баянхонгор аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин мөн олон оронд тархаад буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар аймгийн Онцгой комиссын “Хүн, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх шуурхай ажлын хэсэг” хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанаар шуурхай ажлын хэсгийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Тагнуулын хэлтэс, Зоонозын өвчин судлалын төв, Чандмань-Баянхонгор” ХК зэрэг байгууллагад холбогдох үүрэг чиглэлийг өгч, ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллахаар тогтов.

Дээрх шийдвэрийн хүрээнд аймгийн Засаг даргын 2020 оны А/44, А/45 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг баар, караоке, ресторан, зоогийн болон цайны газруудын үйл ажиллагааг 23:00 цаг хүртэл, PC тоглоом болон цахим тоглоомын газрууд болон бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг өмчийн хэлбэр үл харгалзан гуравдугаар сарын хоёрны өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарлаж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ