Хонконгоос ирсэн хоёр иргэнийг тусгаарлан ХӨСҮТ-д хүргэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-27 22:55:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингис хаан нисэх буудалд Хонконгоос  өнөөдөр орой 20:00 цагт онгоцоор өндөр халуурсан иргэн ирж байна гэсэн мэдээллийн дагуу албаныхан үзлэг шалгалт хийсэн байна.

Энэ үеэр Монгол Улсын хоёр иргэн өндөр халуурсан болохыг тогтоож, ХӨСҮТ-д нарийвчилсан шинжилгээ хийхээр авч явжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэхдээ, “Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын газраас Хонконгийн онгоцоор өндөр халуурсан зорчигч ирж байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн Тандалт судалгааны мэргэжилтнүүд онгоц буухаас өмнө нисэх буудалд ирсэн. Буянт-Ухаа олон улсын онгоцны буудлын тусгаарлах өрөөнд ХӨСҮТ-ийнхөн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу зорчигчдод үзлэг шинжилгээ хийлээ. Үзлэгийн явцад нэг биш хоёр зорчигчийн биеийн температур хэвийн хэмжээнээс өссөн болохыг асуумжийн судалгаагаар илрүүлсэн. Сэжигтэй тохиолдол илэрсэн даруйд бид яаралтай мэдээлэх болно. Эрүүл мэндийн салбар тухай бүрт үзлэг шинжилгээ хийж, сорьц авч хариуг мэдээлэн ажиллаж байгаа. Иргэд болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэн ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг дагахыг уриалж байна" гэв.

Хоёр иргэний хувьд Тайваньд суралцаж байгаад Монголд ирж байгаа аж. Хонконг-Улаанбаатарын чиглэлийн онгоцонд тэдэнтэй хамт 148 иргэн зорчиж явсан байна. Зорчигчдын биеийн байдлыг Хилийн мэргэжлийн хяналтынхан шалгаж, үзлэг шинжилгээ хийсний дагуу биеийн байдал хэвийн тул хилээр нэвтрүүлжээ. 

Мөн тэрбээр, "Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт  өнөөдөр өглөө 8.10 минутад 14 настай охин уушгины хатгалгаа өвчний оноштой хэвтсэн. Уг хүүхэд 16.50 минутад нас барсан харамсалтай явдал гарлаа. Тухайн эмнэлэг цогцосноос сорьц авч 19 цагт ХӨСҮТ-д илгээсэн. Бид сорьцыг шинжилж хариуг гарсан даруйд мэдээлэх болно” хэмээв.

Холбоотой мэдээ