ДЭМБ олон улсын хэмжээнд онцгой байдал зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-01-31 07:34:19

ЖЕНЕВ. /Reuters/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусний халдвар Хятадаас өөр олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлажээ. ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Швейцарын Женев хотод пүрэв гарагт хуралдсан юм.


“Хятад улсын бус бусад улс орны нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах шийдвэрийг гаргалаа. Уг вирусний халдвар эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудад тархаж болзошгүйд санаа зовниж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.



Хятадад пүрэв гаргийн байдлаар коронавирусний халдварын 7800 орчим тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 170 хүн нас баржээ. ДЭМБ-ын мэдээлснээр, уг вирусний халдвар Хятадаас гадна 18 оронд илэрч, 98 тохиолдол бүртгэгдсэн хэдий ч нас барсан тохиолдол байхгүй аж.


Хятадаас өөр орнуудад бүртгэгдсэн тохиолдлын дийлэнх нь коронавирус анх дэгдсэн Хятадын Ухань хотоос ирсэн хүмүүс байгаа боловч уг вирус хүнээс хүнд халдварласан 8 тохиолдол Герман, Япон, Вьетнам, АНУ-д бүртгэгджээ.


Олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах гэж юу вэ?


ДЭМБ аливаа өвчин олон улсын хэмжээнд тархсан, үүнтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай болсон үед олон улсын хэмжээнд онцгой байдал зарладаг. Мөн халдвар дэгдсэн улсынхаа хилээс даван олон нийтийн эрүүл мэндэд ноцтой, гэнэтийн, төсөөлөөгүй нөхцөл байдал үүсгэсэн үед тогтоодог байна.


2005 онд баталсан Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу олон улсын онцгой байдал зарласан тохиолдолд дэлхийн улс орнууд нэн даруй шаардлагатай арга хэмжээ авах үүрэг хүлээдэг. Уг шийдвэрийг олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн ДЭМБ-ын Онцгой байдлын хороо олон нийтэд танилцуулдаг юм.


ДЭМБ 2009 оноос хойш олон улсын хэмжээний онцгой байдлыг зургаа дахь удаагаа тогтоож буй нь энэ бөгөөд 2009 онд гахайн томуу, 2014 онд Полио вирус, 2016 онд Зика вирус, 2014, 2019 онд Эбола вирусний дэгдэлтийн үеэр тус тус онцгой байдал зарласан байна. Онцгой байдал тогтоосноор ДЭМБ зөвлөмжүүдийг тогтмол өгч, гурван сар тутам тайлагнадаг байна. 

Холбоотой мэдээ