Ухань хотод сурч байсан 31 оюутныг эх оронд нь авчирлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
183@montsame.mn
2020-02-01 12:25:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ухань хотноо сурч буй Монгол Улсын 31 оюутныг эх оронд нь авчрах үүрэгтэй "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц Улаанбаатарт өнөө өглөө "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. Тусгай үүргийн онгоц өчигдөр орой 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрсөн юм. Ийнхүү Ухань хотын хорионд ороод байсан Монгол Улсын 31 оюутан эх орондоо ирлээ. 



Монгол Улсын Засгийн газар энэ сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдан шийдвэрлэж, БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусний голомт болж буй Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам, Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлсэн юм. БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өчигдөр мэдэгдсэнээр дээрх ажлыг зохион байгуулсан байна.  


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Ухань хотод сурч байгаа оюутнуудыг авчрах үйл ажиллагааг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулсан. Ухань хотоос оюутнаа авчирсан эхний таван оронд багтлаа. Энэ нь иргэнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулдгийн жишээ” гэлээ. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Уханиас ирсэн 31 хүн, нэг хүүхдийг тусгаарлах өрөө бэлэн. Эмч, лабораторийн ажилчид бэлэн ажиллаж байна. Нийтдээ Ухань хотоос 32 хүн, нисэх бүрэлдэхүүний 15 хүнд 14 хоногийн тусгаарлалт хийнэ. БНХАУ нь гадны иргэдийг маш сайн хянаж гаргаж байна” гэв.

Холбоотой мэдээ