Politico: Путинийг хэн залгамжлах бол?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-02-04 15:09:36

Путин 2024 онд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буух ёстой, гэхдээ түүний бий болгосон тогтолцоо хэвээр үлдэх болно гэж сэтгүүлч Алек Лун улс төрийн сэдвээр дагнасан Америкийн “Politico” сэтгүүлд дүгнэн бичжээ. Ерөнхийлөгчийг залгамжилж магадгүй хүмүүсийн нэрсийг тоочихдоо тэрбээр санаанд оромгүй зарим хүмүүсийг залгамжлагчдын жагсаалтанд оруулсны зэрэгцээ тэдний талаар хачирхалтай гэмээр тодорхойлолт дүгнэлтүүдийг хийсэн байна. 


Оросын Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн аль хэдийнэ эхэлжээ. Путиний санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь олон асуултыг хариултгүй үлдээлээ. Энэ нь 2024 онд засгийн эрхэнд байх хугацаа нь дуусах тэр үед өөрийгөө орлох хүнийг Путин хайж олох хэрэгтэй болсныг харуулж байгаа юм.  


Одоо Путиний санал болгосон нэмэлт өөрчлөлтүүдийг Кремльд үнэнч парламентын гишүүд хэлэлцэж байна. Хэрвээ тэдгээрийг батлах аваас Путин 2024 оноос хойш албан тушаалдаа үлдэх эрхгүй болох ба үүний сацуу 2008-2012 онд түр завсарласныхаа дараа албан тушаалдаа эргэн ирж байсан нь давтагдах боломжтой. Юутай ч Путин явсны дараа путинизмийн үзлийг хадгалан үлдээхийн тулд дээрх нэмэлт өөрчлөлтүүдийг томьёолжээ.   


Олон хүний таамаглаж байгаагаар, Путин ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөлдөх байгууллага гэгддэг Төрийн зөвлөлийн тэргүүний албан тушаалд очих бололтой. Уг байгууллагын тухай заалтыг Үндсэн хуульд бататган оруулсан бөгөөд тус байгууллага нь “дотоод, гадаад бодлого ба нийгэм-эдийн засгийн бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох” гэсэн тун тодорхойгүй эрх үүрэгтэй байх нь. Тэгэхээр Путиний хувьд өдөр тутмын асуудлыг хариуцахгүйгээр төрийн удирдлагын жолоог гартаа барьж байх боломж гарч ирнэ.  


Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь албан ёсоор өөрт нь тун бага эрх мэдлийг олгох учраас Путин улс орноо цаашид өөрийн зурсан замаар явуулахын тулд үнэнч залгамжлагчаа сонгож олохыг эрмэлзэх болно. Шинэ удирдагчид нь өмнөх хүмүүсийнхээ үзэл баримтлалыг үгүйсгэж байдаг улс оронд өөрийн өвийг үлдээх зорилгоор Путин язгуур өөрчлөлтийг хийнэ. Сталиныг тахин шүтэх явдлыг Хрущев илчлэн залруулсан бол Горбачевын хадгалан үлдэхийг хичээж байсан улс орныг Ельцин тараан бутаргаж, Ельциний барууны талыг баримтлагч бодлогоос Путин алгуур татгалзсан билээ.    


Путин чухам хэнийг засаглалын оройд авчирч залахаар шийдсэн бэ гэдгийг урьдчилан таамаглахад тун хэцүү. Оросын 67 настай удирдагч энэ хүн сонголт хийх эрхийг ямагт өөртөө үлдээдэг ба эцсийн мөчид шийдвэрүүдээ гаргадаг. Дэлхийн хамгийн том улсыг өөрийн хатуу хяналтанд байлгаж чадах, өөрийг нь болон ойр дотны хүмүүсийг нь аюулгүй байлгаж чадах тийм үнэнч хүнийг Путин хайх болно. 


"Оросын удирдагчийн хувьд тэрбээр сонголтынхоо хүрээг аль хэдийнэ хумисан нь үндсэндээ тодорхой бөгөөд түүний сонгосон хүмүүс нь томоохон албан тушаал хашдаг" гэж Оросын дээд зиндааныхныг хэдэн арван жилийн турш судалж буй социологич Ольга Крыштановская ярьж байна.


Тэгэхээр Путин чухам хэн хэнийг залгамжлагчаа болгох хүмүүсийн тоонд оруулсан байж болох вэ?


Михаил Мишустин


Михаил Мишустиныг Ерөнхий сайдаар томилсон нь Орос орныг алмайруулсан билээ. Нэр хүнд сайтай боловч олон нийтэд төдийлөн танигдаагүй татварын албаны дарга байсан энэ хүний “гарааны байр суурь” нэлээд сул боловч томилогдсон даруйдаа Путиний залгамжлагчийн талаарх таамаг мэтгэлцээний сэдэв болжээ.

Татварын албыг тоон системд шилжүүлсэн гэдгээрээ олонд танигдсан Мишустин бол Москвагийн ЦСКА хоккейн клубын хяналтын зөвлөл болон Үндэсний хоккейн холбооны удирдлагын бүрэлдэхүүнд багтдаг хүн юм. Спортын энэ төрөл нь нэр нөлөөтэй, баян чинээлэг оросуудын хувьд албан бус уулзалтынх нь талбар болж байдаг. Яг л Америкийн гольф шиг. Мишустин хоккейн шөнийн лигт өндөр албан тушаалтнууд, томоохон бизнес эрхлэгчидтэй хамт тоглож байх үедээ Путинтэй танилцжээ.   


53 настай Мишустиний хувьд тэрбээр хийж бүтээх, албан тушаал ахих ид үе дээрээ яваа хүн. Шинжээч Александр Бауновын ярьснаар, тэрбээр Орос дахь хүчирхэг аюулаас хамгаалах байгууллагууд ба албан тушаалтнуудын хооронд гүүр болж чадахаар хүн ажээ. Учир нь, татварын байгууллага нь бичиг цаасны ажлыг гүйцэтгэхийн сацуу дүрэм журмын биелэлтийг хянадаг. “Энгийн хувцас өмссөн, хүчний байгууллагын оюунлаг ажилтан” гэдгээрээ тэрбээр Путинтэй төстэй.   


Асуудлын гол нь юунд байна вэ гэхээр, ерөнхий сайд бол засгийн газрынх нь нэр дээр ирдэг шүүмжлэлүүдийг сарниулах нэг ёсны аянга зайлуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Шүүмжлэлүүд нь эрх баригч намын амбицтай гишүүд болон орлого нь багасаж, авлига газар авсанд дургүйцэж буй ард иргэдийн зүгээс ирдэг. Мишустиний өмнөх ерөнхий сайд Дмитрий Медведевийн нэр хүндийн үзүүлэлт нь засгийн газрын тэргүүнээр ажилласан 8 жилийн хугацаанд 64 хувиас 37 хувь болтлоо унажээ. 


Одоо Мишустиний гол үүрэг зорилт бол ард иргэдийн амьдралын түвшнийг дээшлүүлэх талаар Путиний өгсөн амлалтуудыг биелүүлэх явдал. Энэ тал дээр амжилттай ажиллаж чадваас энэ нь ерөнхийлөгчөөр сонгогдох түүний боломжинд нөлөөлөх болно. 


Сергей Собянин


Путиний томилсон засгийн газрын бүрэлдэхүүнд Мишустиний хүмүүс гэгдэх 4 шадар сайд багтсаныг ерөнхийлөгчийн зүгээс түүнд итгэл үзүүлж буйн илэрхийлэл гэж үзэж болох талтай. Харин бусад 5 шадар сайд нь Москва хотын дарга Сергей Собянинтай хамаатай хүмүүс байгаа нь шинжээчдийн анхаарлыг татжээ. Өөрөөр хэлбэл, 61 настай хотын дарга энэ хүн Путинийг залгамжилж магадгүй хүмүүсийн нэг байж болохыг харуулж байна.

Москва хотын дарга С.Собянин 


Тюмень мужийн захирагч байсан Собянинийг Орос улс дахь хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэж аль хэдийнээс үзсээр иржээ. Албан ёсоор тэрбээр ердөө л хотын дарга боловч түүнийг үндэсний хэмжээний улстөрч хэмээн тодорхойлдог. Учир нь, Собянин 2005-2008 онд Путиний тамгын газрыг удирдаж байсан ба дараа нь өөрийг нь ивээгч хүний хамтаар засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, ерөнхий сайдын орлогчоор ажилласан байна. 


Москва хотын төсөв нь бусад аль ч мужийнхаас илүү байдаг. Собяниний үед нийслэлд шинэчлэн байгуулах өргөн хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд Москва хот орчин үеийн Европын хот болон хувирч байна. Ингэснээр сайн ажилладаг хотын дарга гэсэн нэр хүндийг Собянин олж авчээ. Гэхдээ тэрбээр өнгөрсөн оны зун дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний дайралтыг тогтоон барихад хүрч байлаа. Түүнээс гадна, 2013 онд болсон сонгуулийн үеэр сөрөг хүчний удирдагч Алексей Навальный түүнтэй ширүүн өрсөлдсөн билээ.  


“Бусад бүс нутгийнхан Москвагийн даргыг москвачуудаас илүү хайрлан хүндэлдэг. Тэрбээр “Бүх Оросыг Москва шиг болгоно” гэх мэт уриа лоозонг ядах юмгүй дэвшүүлж чадах бөгөөд үүнд нь олон хүн итгэнэ” гэж Москва дахь Карнегийн төвийн шинжээч Андрей Перцев тодорхойлон бичжээ.


“Путиний анхны технократ” болохын хувьд Ерөнхийлөгчид үнэнч Собянин жагсаалтын эхний эгнээнд бичигдэх нь лавтай. Гэхдээ тэрбээр засаглалын орой дээр гарах аваас Путинд нэгэн асуудал тулгарна. Юу вэ гэвэл, улам бүр зөрүүдлэх хандлагыг илэрхийлж буй нийслэл хотыг удирдах хүнээр Кремльд үнэнч нэгнийг томилох хэрэгтэй болно. Өнгөрсөн зун хотын зөвлөлд нэр дэвшигчдийн жагсаалтаас сөрөг хүчнийхнийг хассан нь олон нийтийн эсэргүүцлийг дэгдээж байсан билээ. 


Сергей Шойгу


Путинтэй нэр хүндийн хувьд адилтгаж болохоор цорын ганц улстөрч бол Батлан хамгаалахын сайд, 64 настай Сергей Шойгу юм. Түүнийг Дэлхийн II дайны баатар болох Георгий Жуковоос хойш төрөн гарсан агуу их цэргийн жанжин гэж оросууд үнэлдэг.


Тэрбээр алс холын Тувад барилгын инженерээр ажиллах болсноор хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн ба дараа нь Коммунист намын ажилтан, барилгын асуудал эрхэлсэн Улсын хорооны орлогч даргаар ажиллаж байв. ЗХУ задарсны дараа үймээн самуунд нэрвэгдсэн Кавказын бүс нутгуудыг Москвагийн захиргаанд хэвээр байлгахад Шойгу гол үүргийг гүйцэтгэжээ.

Батлан хамгаалахын сайд С.Шойгу 


1994-2012 онд Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан тэрбээр осол сүйрэл, байгалийн гамшигтай тэмцэж байснаараа улс орон даяар хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Дараа нь Шойгу хэсэгхэн хугацаанд Москва мужийн захирагчаар ажиллаж байгаад 2012 онд Батлан хамгаалахын сайдаар томилогджээ. Түүний үед нүсэр том Оросын армийг өөрчлөн зохион байгуулах, шинэчлэх ажлыг  хийж хэрэгжүүлсэн байна. Тэрбээр Путинд ойр байдаг бөгөөд зуны амралтаа тэд хамтдаа Тувад өнгөрөөхдөө загас барьж, завиар зугаалдаг ажээ.


Хэдийгээр хачирхалтай мэт санагдавч Шойгугийн нэр хүнд, нөлөө, эрх мэдэл нь өөрийнх нь эсрэг үйлчилж магадгүй. Учир нь, тэрбээр Путинд үнэнч байна гэсэн ямар ч баталгаа үгүй. Шойгу Ерөнхийлөгчөөс ердөө 3-хан насаар дүү бөгөөд Путин засгийн эрхэнд гарахаас өмнө нэр хүндтэй болчихсон байв.  “Түүнийг хамгийн өндөр дээд албан тушаалд томилох аваас тэрбээр хэтэрхий бие даасан байдалтай байх болно. Тушаал дэвшсэнийхээ хариуд тэрбээр Путинд заавал ямар нэгэн өр төлөөс төлөх шаардлагагүй” гэж шинжээч Татьяна Становая ярьж байна. 


Албан тушаалтнууд  


Шинэ томилгоонуудын талаарх дуулиан нь Путинийг залгамжилж магадгүй хүмүүсийн жагсаалтыг өргөжүүллээ. Ельцин Путинийг эхлээд ерөнхийлөгчийн тамгын газарт авчраад дараа нь Холбооны аюулгүй байдлын албаны даргаар томилж байсан. Дараа нь ерөнхий сайд, ерөнхийлөгч болгохдоо энэ бүх томилгоог хэдхэн сарын дотор хийсэн билээ. 


Кремлийн ордны захиргааны аппаратад ажилладаг 60 настай Андрей Белоусов шадар сайдаар томилогдсон нь түүнийг Путиний залгамжилж магадгүй хүмүүсийн нэг гэж үзэхэд хүргэж байна. Тухайн үедээ Медведев уг албан тушаалыг хашиж байгаад ерөнхийлөгч болсон билээ. Зөвлөлтийн нэртэй эдийн засагчийн хүү болох Белоусов 2013 онд Путиний эдийн засгийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаад дараа нь “Роснефть” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болжээ. Тэрбээр “Орос орон дайснуудын хүрээлэл дотор байна” гэх Путиний КГБ маягийн үзэл бодлыг хуваалцдаг хүн юм.

Андрей Белоусов 


Өөр нэгэн өрсөлдөгч байгаа нь шадар сайд, 61 настай Дмитрий Козак бөгөөд тэрбээр 50 тэрбум долларын өртгөөр зохион байгуулсан Сочигийн Олимпын барилгын ажлыг хариуцаж байжээ. Д.Козак Украины зүүн нутаг дахь Оросын дэмжлэгтэйгээр өөрийгөө тунхаглан зарласан бүгд найрамдах улсуудыг хянах ажлыг эрхэлнэ гэсэн мэдээлэл сүүлийн үед цацагдах болсон байна.

Дмитрий Козак 


Өөр нэгэн шадар сайд болох 53 настай Марат Хуснуллин багагүй дуулиан дэгдээжээ. Тэрбээр Зөвлөлтийн үеийн байшингуудын оршин суугчдыг орчин үеийн өндөр шинэ барилгад шилжүүлэн суулгах зорилго бүхий Москваг “шинэчлэн байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улмаар уг хөтөлбөрт улс орныг бүхэлд нь хамруулах санаачилгыг дэвшүүлжээ. 


Олны танил бус, битүү морь гэж хэлж болохоор хүн бол 49 настай Владимир Мединский. Соёлын сайдаар ажиллаж байсан хэт хуучинсаг үзэлтэй энэ хүн Путиний соёлын асуудал эрхэлсэн туслахаар томилогджээ.

Владимир Мединский 

Түүнчлэн 44 настай Игорь Красновыг дурдах нь зүйтэй. Онц хүнд гэмт хэргийн мөрдөн байцаагч энэ хүний од нь гийж, албан тушаалын шатаар ахисаар Ерөнхий прокуророор ажиллаж байсан Путиний эртний танил хүний оронд уг албан тушаалыг хаших болжээ.   


Бие хамгаалагчид


2016 онд Путин өөрийн бие хамгаалагчаар ажиллаж байсан хүмүүсийг мужуудын захирагчаар томилсон нь тэднийг залгамжлагчаа болгохоор бэлтгэж байна гэх цуу яриа тархахад хүргэжээ.


Тула мужийн захирагч Алексей Дюмин бол Ельцин, Путин нарын бие хамгаалагчаар ажиллаж байгаад хожим нь зэвсэгт хүчний Жанжин штабын Тагнуулын ерөнхий газрын орлогч даргаар томилогдсон хүн юм. Уг албан тушаалыг хашиж байхдаа тэрбээр Крымыг нэгтгэх ажиллагаанд гол үүргийг гүйцэтгэсэн байна.


Бие хамгаалагчдын дотроос өрсөлдөөнд оролцож магадгүй өөр нэгэн хүн бол Дмитрий Миронов юм. Улсыг аюулаас хамгаалах хороонд /КГБ/ хэсэг хугацаанд ажилласныхаа дараа тэрбээр 1991 онд Төрийн тусгай хамгаалалтын албанд шилжин иржээ. 2013 оноос хойш Дотоод хэргийн яаманд өндөр албан тушаалууд хашиж байгаад Ярославль мужийн захирагчаар томилогдсон байна. 


Өөр хоёр өрсөлдөгч бол Сергей Морозов, Евгений Зиничев нар юм. Хоёулаа Холбооны хамгаалалтын албанд ажиллаж байгаад дараа нь Астрахань, Калининград мужуудын захирагчаар томилогджээ.  


Путин бие хамгаалагчдынхаа талаар сэтгэл тун өндөр байгаа нь илт. Тэд бол түүнийг залгамжилж магадгүй хүмүүсийн дотроос хамгийн үнэнч нь гэж үзэж болно. Тэд бүгд 53-аас доош настай. Гэхдээ тэднийг энгийн албанд шилжүүлэх нь оновчтой шийдэл гэж хэлэхээргүй. Тэд Путинийг орлоно гэж төсөөлөхөд дэндүү хол байгаа юм. Морозов, Зиничев хоёр албан тушаалдаа хэдхэн сар ажиллаад л огцорсон бөгөөд Зиничев одоо Онцгой байдлын яамыг удирдаж байна. Харин Миронов бүс нутгаараа бараг явахгүй байгаа бөгөөд эрх мэдлийнхээ ихэнхийг туслахдаа шилжүүлжээ. 


Путиний залгамжлагч болохын төлөөх тулаан эрчээ авчээ. Гэхдээ Путин хөзрөө дэлгэх нь юу л бол. Хэрвээ залгамжлагч болох хамгийн магадлалтай хүний нэр хэтэрхий эрт тодорхой болох аваас засгийг барьж буй олон тооны бүлэглэлүүдийн хооронд зөрчил тэмцэл дэгдэхэд хүрч мэднэ. Зарим нэг хүмүүсийн үзэж байгаагаар, улс төрийн хүрээнийхнийг алмайран гайхуулахын тулд Путин 2024 оноос өмнө ч огцорч магадгүй гэнэ. 


Гэхдээ энэ өрсөлдөөн хэрхэн төгсөх вэ гэдэг нь жирийн орос иргэдэд төдийлөн хамаатай бус юм. Ямартаа ч бүх өрсөлдөгчийн хувьд тэд улс төр, эдийн засгийг удирдах жолоо залуурыг гартаа чангахан атгах болно. Учир нь, засгийн газрын бүрэлдэхүүнд Кремлийг шүүмжлэгчид болон либералууд бараг үлдээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Орос улсад 25 жил амьдарсан байх ёстой, харин гадаад паспорт, оршин суух эрхийн зөвшөөрөлтэй байх ёсгүй. Тэгэхээр 2010 онд Йелийн их сургуульд суралцаж байсан сөрөг хүчний удирдагч А.Навальный өрсөлдөөнөөс хасагдаж байна.


“Путинизм одоо гол чиг шугам болсон бөгөөд ард иргэд үүнийг дэмжиж байна” гэж Становая хэллээ.


Путиний зорилго маш тодорхой, түүний байгуулсан Орос орон түүнийх байх ёстой гэж Баунов ярьж байна.


Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.politico.eu/article/who-will-replace-valdimir-putin-russia-kremlin/

https://inosmi.ru/politic/20200131/246741906.html

Холбоотой мэдээ