Загсгал цайг үйлдвэрлэгч Должин эмээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-02-05 11:39:44

Дорноговь/МОНЦАМЭ/. Хүний эрүүл мэндэд нэн тустай гэгдэх “Загсгал цай”-г Дорноговийн ажилсаг буурай Д.Должин гуай нутгийн брэнд болгоод багагүй хугацаа өнгөрчээ.

Сайншандын төвдөө эгэл даруу амьдарч буй Д.Должин эмээ элэгний хорт хавдраас ангижрах эм тан хайж говьд ургадаг ид шидтэй ургамлаар биеэ эмчилснээс гадна “Загсгал” нэрийн цайг үйлдвэрлэж бизнес эрхэлдэг болсон юм.

Ажил хөдөлмөрөөрөө залуучуудад үлгэр дуурайл болж нас ахисан хэдий ч бизнес хийж амжилттай ажиллаж байгаа тэрээр “Далт мөнгөн шанд” хэмээх компанийн захирлаар ажилладаг.

Говийн эмзэг хөрсөнд ургадаг загсгал ургамал нь бутлаг эмийн ургамал бөгөөд тамир тэнхээ сайжруулах, биеийн хорыг гадагшлуулах үйлчилгээтэй аж.

Загсгал цайгаараа алдаршсан Д.Должин эмээ эдүгээ 80 гаруй настай. Тэрээр “Дорноговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд олонтаа оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэсээр Дорноговийн төдийгүй улс хийгээд хилийн чанадад ч танигдсан байна.

Тэрээр цайныхаа  савлагааг илүү орчин үеийн загвартай болгож  хэд хэдэн төрлөөр савлан худалдаж байгаа юм. Бэлгийн  багц нь аяга болон цайтайгаа 12 мянга, харин эмэтгэйчүүдэд зориулсан сагсанд боосон цайны багц 10 мянга гээд өөр өөр үнэлгээтэй байна.

Мөн даралт бууруулах цай онцгой үйлчилгээтэй гэсэн. Загийн лавай гэдэг ургамлаар үйлдвэрлэсэн цай нь мөн л хэрэглэгчдийн талархлыг хүлээж байгаа аж.

Загсгал цайг нийслэлийн “Номин”, “Оргил”, “Сансар” худалдааны төвд 5000 орчим төгрөгөөр худалдаалж байгаа бол өмнөд хөршид ч танигдсан байна.


Холбоотой мэдээ