“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын хөтөлбөрийг дэлхийн спортын сэтгүүлчдэд танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-06 16:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дугаар Их хурал Унгар улсын нийслэл Будапешт хотноо амжилттай болов.


Унгар улс 3 дахь удаагаа энэ хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа дэлхийн 111 орны төлөөлөгчид чуулсан юм.  Их хуралд энэ онд Монголд болох “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулагч “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн төлөөлөгчид оролцов. Тухайлбал, “Ногоон наадам”-ын гүйцэтгэх хорооны гадаад харилцааны захирал П.Буяндэлгэр, гүйцэтгэх хорооны зөвлөх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ж.Отгонцагаан нар төлөөлөгчөөр оролцсон юм.



Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хүрээнд спортын 25 төрлөөр зохион байгуулах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын бүтэц, зохион байгуулалт, хөтөлбөрөө дэлхийн спортын сэтгүүлчдэд танилцуулсан байна. Энэ үеэр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жанни Мерло, Ерөнхий нарийн бичгийн дарга Юрий Оснец нар наадмын үеэр Монгол Улсад айлчилна гэдгээ илэрхийлжээ.



Улаанбаатарт 2020 оны есдүгээр сарын 13-20-нд болох “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын нэг хөтөлбөр нь “Yong reporter” буюу “Залуу сэтгүүлч” юм. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо тус хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ энэ үеэр илэрхийлжээ.



Энэхүү хуралд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар нар төлөөлөгчөөр оролцсон юм. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо 1992 онд буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн 55 дугаар Их хурал болох үеэр ОУСХ-ны гишүүнээр элсэж байжээ.

Холбоотой мэдээ