Байршил тогтоох төхөөрөмжид Монгол орны газрын зураг суулгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-08 18:20:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын гамшиг, ослын үед ашигладаг Garmin загварын 40 гаруй байршил тогтоогч төхөөрөмжид дөрвөн сая гаруй төгрөгийн үнэ бүхий Монгол орны газрын зургийг “Инженер геодези” ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй суулгаж хүлээлгэн өглөө.


Байршил тогтоогч төхөөрөмжид 21 аймаг, сумдын авто замын сүлжээ, орон нутгийн чанартай зам харилцаа, газар орны нэр, төв суурин газрын барилгажилтын 2D зураглал зэргийг багтаасан хамгийн сүүлийн үеийн газрын зургийг суулгаснаар гамшгийн голомтод түргэн шуурхай хүрч, эрэн хайх, аврах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах нөхцөл боломжоор хангагдлаа.



Мөн “Инженер геодези” ХХК-иас байршил тогтоогч төхөөрөмжүүдэд газрын зургийн шинэчлэлт хийх талаар богино хэмжээний сургалтыг зохион байгуулж цаашид нэмэлтээр хөгжүүлсэн газрын зургийн шинэчлэлтийг суулгах мэдлэг чадварыг алба хаагчдад эзэмшүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ