Эмнэлэгт тусгаарласан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-02-09 18:11:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй шинж тэмдгээр БОЭТ-д тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ.

ХӨСҮТ-ээс ирүүлсэн хариугаар уг иргэн А хүрээний H3N2 вирусээр өвчилсөн болох нь тогтоогджээ. Энэ вирус нь хүн амын дунд дэгдээд байгаа томуу, томуу төст өвчний дийлэнх хувийг эзлээд байгаа аж. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтворжиж, халуун нь буурсан байгаа гэнэ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдэхэд аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зооноз, өвчин судлалын төв зэрэг байгууллагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг хангаж ажилласан юм.

Цаашид уг вирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд сонор сэрэмжээ алдахгүй байж, Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, заавар, сэрэмжлүүлэг, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг сайтар сахиж байхыг анхаарууллаа.

Маргааш Арвайхээр сумын төрөлжсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж эхэлнэ.

Холбоотой мэдээ