Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулахад нэг тэрбум төгрөг шаардлагатай

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-04-25 14:35:32

“Элэг нэгт Монголчууд” сангаас санаачлан ХСҮТ-д хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөг цуглуулах аян өрнүүлж байна.

Энэ талаар өнөөдөр тус сан, ХСҮТ болон Мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл мэдээллээ.

Монгол Улсад элэгний хорт хавдрын 2000 гаруй шинэ тохиолдол жилдээ бүртгэгдэж олон зуун хүн  нас барж байна. Шинээр оношлогдож буй элэгний хорт хавдрын 80 орчим хувь нь хавдрын 3, 4 дүгээр үе шатандаа оношлогдож, хавдрын шалтгаантай нийт нас баралтын 44 хувийг элэгний хавдраас шалтгаалсан нас баралт эзэлж байгаа аж.

Сүүлийн жил гаруйн хугацаанд Энэтхэг улсад 100 гаруй, БНСУ-д 60 орчим иргэн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд хагалгааны өртөг нь 50-70 мянган ам.доллар гэж үзвэл жилд 11-15 сая ам.долларыг гадны зах зээлд урсгадаг байна. Иймээс ХСҮТ-д хорт хавдрын шалтгаанаас үүдсэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах шаардлагатай байгаа юм. Тус төвд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болсноор элэгний хавдартай хүн эх орондоо эмчилгээ хийлгэх, эдгэрэх, улмаар мэргэжлийн эмч нарын байнгын хяналтад байх, санхүүгийн дарамтад өртөхгүй байх зэрэг давуу талтай. Тус төвийн “Элэг, Цөс, Нойр булчирхай”-н мэс заслын тасгийн хамт олон жилд 350 гаруй элэгний бүх төрлийн тайралтын мэс заслыг амжилттай хийдэг бөгөөд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах бүрэн боломжтой, хүний нөөц хангалттай хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо хийдэг болоход шаардлагатай нэг тэрбум төгрөгөөр өндөр өртөгт тоног төхөөрөмжийг худалдан авахаас гадна мэс заслын 25-30 хүний бүрэлдэхүүнтэй багийг тус бүр хоёр удаа БНСУ, Энэтхэг улсад богино хугацааны сургалтад хамруулах юм. Мөн 20 иргэнд гурван жилийн хугацаанд элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэгүй хийх зардлын тодорхой хувь багтжээ.

“Элэг нэгт Монголчууд” сангийн хандивын аяныг дэмжиж Монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд ирэх сарын 14-нд Улаанбаатар хот болон 21 аймагт урлагийн тоглолт зохион байгуулж, орлогыг хандивлах аж. Мөн рок попынхон ч нэгдсэн тоглолт зохион байгуулахаар ярилцаж байгаа аж. Энэ талаар МУГЖ Т.Ариунаа “Урлаг соёлынхон жаргал зовлон дээр хамгийн түрүүнд нэгдэж чаддаг хүмүүс. Хандивын тоглолтоос гадна бид 10 мянган төгрөг хандивлах "challenge" явуулж байна. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд нутагшуулахад ямар үр дүнтэй, хэдэн хүний амийг аврах вэ гэдэг нь чухал. Цаашид Монгол хүний амийг аврахад үр дүн нь асар их юм шүү. Жилдээ 160 хүн гадаадад элэгний хорт хавдраа эмчлүүлдэг гэсэн тоо баримт байна. Тэгвэл Монгол Улсдаа боломжийн үнээр хагалгаа хийлгэх гарцыг нээх боломжтой" гэв.

Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийлгэж, амжилттай нутагшуулахад туслан хандив өргөхийг хүсвэл ХААН банкинд байрших “Элэг нэгт монголчууд” сангийн 5213001199 тоот дансанд хандив өргөх боломжтой.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ