Гурвантэсийн улаан чулууг иргэд ухаад найм хонож байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-02-12 19:36:17

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан "Баатар ван" ХХК-ийн лицензийг өнгөрсөн жил цуцалсан байна. Харин энэхүү талбайд иргэд улаан чулуу ухаж эхэлжээ.

Энэ талаар Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтохоос тодруулахад "Иргэд найм дахь хоног дээрээ тухайн талбайд улаан чулуу ухаж байна. Ухаж эхэлсэн цагаас нь хойш бид болиулах гэж ажиллаж байгаа хэдий ч дийлдэхгүй байна. Эхлээд 30-40 орчим хүн байсан. Хилийн боомт дээр бид өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байх хооронд энэхүү иргэдийн тоо өссөн. Одоо 1200 орчим хүн байна. Аймгаас МХГ, ЦГ, ОБГ-аас бүрдсэн ажлын хэсгийн 20-иод хүн ирээд сумынхантай нийлээд 30 хүн энэхүү иргэдийг тараахаар ажиллаж байна" гэлээ. 

Харин иргэдийн төлөөллөөс энэ талаар тодруулахад, "Эзэмших эрхээ цуцлуулсан компани хэрнээ өөрсдөө дур мэдэн иргэдийг оруулах гэрээ хийсэн. Иргэд тийшээ газрын хөрснөөс ухаж байгаа юм биш, тухайн компанийн овоолж орхисон шорооноос чулуу ухаж авч байгаа юм. Гэхдээ манай сумын иргэд цөөн бий, гадны иргэд маш олон байгаа" гэх мэдээллийг өглөө. 

Холбоотой мэдээ