Эртний сонгодог тууль "Одиссэй"-г монгол хэлнээ хөрвүүллээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2020-02-13 12:24:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын уран зохиолын эртний гайхамшигт бүтээлд тооцогддог  "Одиссэй" туулийг МУСГЗ, дипломатч Д.Цахилгаан анх удаа монгол хэлнээ хөрвүүлжээ. Баатарлаг тууль “Одиссэй” олон зууныг дамжин өнөө  үед ирэхдээ дэлхийн бараг бүхий л хэлд хөрвүүлэгдэж, янз бүрээр хялбаршуулж, өөрчлөн найруулж, олон талаас нь судлан тайлбарласан байдаг.  Энэхүү тууль 24 бүлэг  “хайлаан”-тай, нийтдээ 14 мянга гаруй шад шүлэг багтаасан том бүтээл юм.



“Илиада”,  “Одиссэй”  хос туулийг НТӨ 725-675 оны хооронд бичсэн гэж үздэг бөгөөд  туурвисан зохиогчийн тухай асуудал өнөөг хүртэл маргаантай байгаа. Эртний сод туурвилч, элдэв янзын домог тааврын эзэн сохор туульч Хомэрийг зохиосон гэдэг таамаглал хамгийн өргөн тархжээ. Хомэрийн шүлэг, найраглалуудыг дундад эртний тууль болон романы төрлийн үндсийг тавьсан гэж онолчид үздэг.

"Одиссэй" туулийн монгол хэлээрх номын нээлт энэ сарын 17-нд Интерномд болно. МУСГЗ Д.Цахилгаанаас аль хэлээрх эхээс хөрвүүлсэн тухай тодруулахад, "Дэлхийн сонгодог "Одиссэй" туулийг  орос орчуулгын эх дээр нь орчуулгаа эхэлсэн. Дараа нь англи эхийн орчуулгатай нь тулгасан. Орос орчуулга нь англи хэлнээс дамжуулж орчуулсан байсан тул энэ хоёр хэлийг хавсран тулгаж, үг сонголтуудыг судалж, эцэст нь монгол хэл рүү хөрвүүлсэн. Орос хэлний орчуулга нь хуучин орос хэлний орчуулга байсан нь бас их сонин байлаа. Мэдээж англи хэлний орчуулга нь ч сайн байсан. Дээрх эхүүдээс монгол хэлний орчуулгаа муутгахгүй юм шүү гэж их хичээлээ" гэв.


Холбоотой мэдээ