БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа бүрэн хаасан долоо хоног

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-02-16 10:12:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Ерөнхийлөгчийн томилгоо


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар нарыг томилж, Итгэмжлэх жуух бичгийг нь энэ сарын 14-нд гардууллаа.



Энэ үеэрээ Элчин сайд нарт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад төвлөрч, суугаа улстайгаа харилцан ашигтайгаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм. Тухайлбал, уламжлалт найрсаг харилцаатай Польш улсад манай улсын 1000 гаруй иргэн байнга оршин суудаг бөгөөд тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарт нь ажиллаж байгаа 200 гаруй монгол эмчийн нийгмийн хамгаалал, эмчилгээний лицензийн асуудалд анхаарч, хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцааг хөгжүүлэх чиглэл өгөв.


Өнгөрсөн сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвег улсад айлчилж, Баялгийн санг үүсгэн байгуулах, хүнс, хөдөө аж ахуйн салбарт болон өвлийн спортын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар тус улсын эрх баригчидтай уулзаж, ойлголцолд хүрснийг ажил хэрэг болгохыг Элчин сайд Т.Жанабазарт сануулж, үр дүн гаргахыг үүрэг, чиглэл болголоо. Үүнээс гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрчим хүч зэрэг салбарт хийгдсэн олон төслүүдийг хэрэгжүүлэхэд техник технологи, ноу-хау хэрэгтэй буйг сануулж, суугаа улсын онцлогт тохируулан улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэдгээ байнга ухамсарлах ёстой гээд Элчин сайд нарт ажлын амжилт хүслээ.



Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг гарган Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Өлзийхүүгийн Шижирийг томиллоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажилдаа төвлөрөх шаардлагатай тул ажлаа өгч байна хэмээн энэ сарын 13-нд мэдэгдсэн юм.


Коронавирусний эрсдэлээс сэргийлэх төрийн ээлжит шийдвэрүүд



БНХАУ-д анхлан дэгдэж олон улсад тархаад буй коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс, Засгийн газар болон Ерөнхийлөгч өнгөрч буй долоо хоногт хэд хэдэн шийдвэр гаргав.


Тухайлбал, Улсын онцгой комисс энэ сарын 10-нд хуралдаж, сар шинийн баярыг нэг удаа тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэн саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Мөн нэн хэрэгцээтэй байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал халдваргүйтгэлийн бодис худалдан авах, нөөц бүрдүүлэх, термокамерын төхөөрөмжийг шуурхай судалж худалдан авахыг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдад үүрэгдлээ. Түүнчлэн ирэх сарын сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглохыг ЗТХ-ийн сайд, УУХҮ-ийн сайдад даалгав. Улмаар ХӨСҮТ-ийн гаргасан стандартын дагуу “Бөртэ” үйлдвэр, БХЯ-ны 288 дугаар анги, ШШГЕГ, ЦЕГ-ын оёдлын үйлдвэрт амны хаалт үйлдвэрлэж эмийн сангуудад нийлүүлэхийг үүрэг болголоо.



Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 12-нд “Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргалаа. Зарлигт сар шинийн сарын баярыг тэмдэглэхгүй байх, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх, Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам сурталчилгааг даруй зогсоох асуудлыг тусгасан юм. Энэ дагуу Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх /хэсэгчлэн/ тухай тогтоол гаргасан юм. Цагаан сарын баярыг иргэд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, аль болох цомхон тэмдэглэх нь нээлттэй. Гагцхүү золгуут хийхээр айл хэсэхгүй, олноороо нэг дор цугларахгүй байж болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын шийдвэрийг танилцуулахдаа нийтэд уриаллаа.



Түүнчлэн Засгийн газар энэ сарын 13-нд ээлжит бусаар хуралдаж, Монгол, БНХАУ-ын төмөр зам, агаарын замын боомтоор нэвтрэх болон гарах хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэв. Ингэснээр БНХАУ руу үйлдэх бүх нислэг, галт тэргийг зогсоож, Хятад болон тус улсаар дамжин ирж буй бусад орны иргэд Монгол Улсад нэвтрэхгүй, монголчууд тус улс руу зорчих боломжгүй болж байгааг Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн мэдээлэв.

Зөвхөн иргэдийн зорчих хөдөлгөөнийг хааж байгаа тул бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжлэх юм. БНХАУ-д зайлшгүй шаардлагаар зорчихоор галт тэрэг, онгоцны тасалбар захиалсан бол “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам” компани мөнгийг нь ямар нэгэн шимтгэлгүйгээр буцаан олгох аж. Хилээр зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоосноос хойш БНХАУ-д байгаа монгол иргэдийг тусгай нислэгээр авчрах шаардлага гарч болзошгүй хэмээн Засгийн газар үзэж буй юм. Энэ тохиолдолд зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд ирсэн даруйд нь тусгаарлах аж.


ОХУ-аас үнэгүй шилжүүлж авсан орон сууцыг оршин суугчдад нь хувьчилна



Засгийн газрын энэ сарын 12-ны хуралдаанаар, ОХУ-аас үнэгүй шилжүүлж авсан орон сууцыг оршин суугчдад нь хувьчлахаар болов. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/ хувьчлах бэлтгэл хангаж энэ оны II улиралд Засгийн газарт танилцуулна. Баянгол дүүргийн хоёрдугаар хорооллын XVII байр, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын I, VII, XI, XII, XIII байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IV байр, “Ээрмэл” ХХК, ГЕГ, “Талх чихэр” ХХК-ийн байрыг, МУИС-ийн ажилтан албан хаагч болон бусад иргэд, нийт 550 гаруй өрх 1998 оноос хойш түрээслэн амьдарч байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн авахаар баримт бичигт гарын үсэг зуржээ. Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад зургаан обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлсэн юм. Мөн хуралдаанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа 590 гаруй орон сууцыг цэргийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр худалдах, хувьчлахыг зөвшөөрөв. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, дөрвөн хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10 хувь нь бусдын байр, хашаанд амьдарч байна.

Холбоотой мэдээ